Төсвийн зарцуулалтын судалгаа: Монголын боловсрол
-------------------------------------------------------------------------------------------------------
Монголын боловсролын салбарт Төсвийн зарцуулалтын судалгааг хийх хэрэгцээ, шаардлага
Нээлттэй Нийгэм Форум нь Дэлхий Банктай хамтран боловсролын салбарын төсвийн зарцуулалтын судалгааг 2004 оны 11 сараас 2005 оны 9 сар хүртэлх 10 сарын хугацаанд хийж гүйцэтгэх гэж байна. Төрийн үйлчилгээний нийлүүлэлтийн талыг үйлчилгээний байгуулагууд дээр нь тулгуурлан явуулдаг энэ судалгааны аргачлалыг Дэлхийн Банк боловсруулан гаргасан ба одоогийн байдлаар 10 гаруй оронд хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүн өгч байна. Энэ судалгаагаар цуглуулсан мэдээллийг хэд хэдэн зорилгоор ашиглаж болох юм. Тухайлбал, захиргаа, санхүүгийн холбогдолтой бүрэн гүйцэд, найдвартай мэдээлэл байдаггүй нөхцөлд оношлогооны хэрэгсэл болгон ашиглах; хоёрт, засаглал, төвлөрлийн саарал, нөөцийн хуваарилалт, зарцуулалтын үр ашиг зэрэг асуудлаар эмпирик төвшний судалгаа хийхэд суурь мэдээлэл болгон ашиглаж болно.
Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь зах зээлийн эдийн засаг, төвлөрсөн бус удирдлагад шилжээд удаагүй байгаа манай орны хувьд тун чухал асуудал юм. Манай улсын төвлөрсөн төсвөөс боловсролд зарцуулж байгаа хэмжээ нь шилжилтийн эдийн засагтай бусад орныхоос нэлээд өндөр байгаа төдийгүй жилээс жилд нэмэгдсээр байгаа хэрнээ боловсролын байгууллагын үйлчилгээний чанар, үр өгөөж сайжрахгүй байна. Иймээс энэ салбарын төсвийн зацуулалт хэрхэн хийгдэж байгааг судлан, бодлогын болон хяналтын түвшинд сайжруулах шаардлагатай байгаа асуудлуудыг тодорхойлох шаардлага гарч ирж байна. Дэлхийн Банкнаас Монголын Засгийн газарт зориулсан гаргасан зөвлөмжид “төсвийн зарцуулалтын судалгаа нь төсвийг хуваарилах, хянах, гүйцэтгэхэд Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны үүргийг тодорхойлох, хариуцлагын тогтолцоог сайжруулж, боловсролын салбарт хуваарилагдсан төсөв нь үнэхээр боловсролд зарцуулагдаж байгаа эсэхийг шалгах хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход ихээхэн тус дөхөм болох юм” гэж дурдсан байдаг.
Нээлттэй Нийгэм Форум нь энэ судалгааг Монголын боловсролын системд хийхээр төлөвлөхдөө төсвийн талаар надвартай мэдээлэл цуглуулсны үндсэн дээр бодлогын зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын төсвийн талаар шийдвэр гаргахад тодорхой мэдээлэлтэй оролцоход нь олон нийтэд туслах явдлыг чухалчилж байгаа юм.
Судалгааны зорилт
- Монголын ерөнхий боловсрол дахь мөнгөний урсгалд дүн шинжилгээ хийн төсвийн алдагдалд хүргэх нөхцлүүдийг тодорхойлох
- Төсвийн алдагдал нь боловсролын үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлж болохыг шинжлэх
- Төсвийн алдагдлыг багасгах арга замуудыг судлан, боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой одоо хэрэглэж байгаа бодлогод тусгах өөрчлөлтүүдийг боловсруулах
- Боловсролд оруулж байгаа хувийн зардлын хэмжээг тодорхойлж, энэ салбарт хээл хахуулийн шинжтэй үзэгдлүүд байгаа эсэхийг судлах (жишээлбэл, тестэд сурагчдыг бэлтгэх, хувиараа хичээл заах гэх мэт)
- Тус салбарын төсвийн талаарх мэдээллээр олон түмнийг хангаж, олон нийтийн хэлэлцүүлгээр дамжуулан боловсролын төсвийг үр ашигтай зарцуулах бодлогын чанартай асуудалд тэднийг идэвхтэй оролцуулах
Судалгааны бэлтгэл ажил
2004 оны зургадугаар сард ЮНЕСКО-ийн Олон улсын Боловсрол Төлөвлөлтийн институт, Дэлхийн Банкнаас хамтран Камбожи улсын Пномпен хотод төсвийн зарцуулалтын судалгааны асуудлаар зохион байгуулсан сургалтад Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүү эдийн засгийн яам, Үндэсний статистикийн газар, Боловсролын их сургууль болон Нээлттэй Нийгэм Хүрээлэнг төлөөлсөн мэргэжилтнүүдийн бүрдсэн баг оролцсон. Энэхүү сургалтаар төсвийн зарцуулалтын судалгааг хийх үндэслэл, ач холбогдол, судалгааны аргазүй, зохион байгуулалт, мэдээллийг боловсруулах, үр дүнг тараан түгээх стратеги зэрэг асуудлыг авч үзсэн байна. Нээлттэй Нийгэм Форум нь Монголын зургаан мэргэжилтний Камбожийн сургалтад оролцох зардлыг санхүүжүүлэн, уг судалгааг Монголд хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг бэлдэх ажлыг анхнаасаа дэмжин оролцсон ба цаашид судалгааг гардан хэрэгжүүлэх болно. Энэ ажилд Форум үндэсний эксперт, зөвлөх, судлаачдыг татан оролцуулж, хамтран ажиллахыг зорьж байна. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд судалгааны хэрэгжилт, үр дүнг тараан дэлгэрүүлэх үе шат дээр тус тусын байгууллагыг холбон өгч, мэдээллийн ба бодлогын дэмжлэгийг үзүүлэх юм.
Мэдээлийн эх сурвалж, мэдээлэл авах арга хэрэгсэл
Уг судалгаа нь төсвийн зарцуулалтын тухай мэдээллийг цуглуулахдаа тоон ча чанарын судалгааны хэд хэдэн арга хэрэгслийг ашиглахаар төлөвлөж байна. Үүнд:
Асуулга: Багш нар, сургуулийн захирал, эцэг эхчүүдэд зориулсан гурван багц асуулга хийгдэнэ.
Ярилцлага: Орон нутгийн засаг захиргаа, боловсролын хэлтэс, (сумын засаг захиргаа ба аймгийн боловсрол соёлын хэлтэс) болон аймаг, сумын төсвийн мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулахын тулд тэднээс ярилцлага авна.
Баримт бичгийн анализ: сургуулийн төсвийн төлөвлөлт, зарцуулалттай холбоотой баримт бичгүүдийг зохих бүтэц, албадаас авч анализ хийнэ.