Сангийн яам 2005 оны төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл хийжээ

A- A A+
Сангийн яам 2005 оны төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл хийжээ

Сангийн яам 2005 оны төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл хийжээ

Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Баасанхүү, тус газрын хэлтсийн дарга Б.Нанзаддорж, П.Ганчимэг, Санхүү зах зээл, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Г.Хаянхирваа нар "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2005 оны төсөвт хэрхэн тусгалаа олсон нь" гэсэн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

«Өдрийн сонин»-д /¹303, 2004-12-10/ мэдээлснээс үзэхэд 2005 оны улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний 3,5 хувьд хүргэн бууруулахын тулд төсвийн нийт байгууллагын хүрээнд үйл ажиллагааны зарлагыг 2004 оны түвшинд барихаар зорьж байгаа ажээ. 2005 онд 708,2 тэрбум төгрөг олоод 775 тэрбумыг зарлагдах Монгол Улсын ирэх оны төсвийн зарцуулалтыг гол гол салбараар авч үзвэл:

Эдийн засгийн салбарт:

Алтай-Тайшир-Улиастайн цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам барихад 510 сая, Дөргөн-Мянгадад ийм шугам барихад 350 сая, Арвайхээр-Баянхонгорын өндөр хүчдлийн шугамыг ашиглалтад оруулахад гурван тэрбумыг зарахаар тусгагджээ. Мөн Өндөрхаан-Баруун-Уртын 230 км өндөр хүчдэлийн шугамыг 2006 онд ашиглалтад оруулахад 400 сая төгрөг, хөдөөгийн малчин айл өрхийг нар, салхины цахилгаан эх үүсвэрээр хангаж "Буман нарны гэр", "100 мянган нарны гэрэл" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөг тусгажээ. Мянганы замд нийт 545 сая төгрөг, Багануур-Өндөрхааны 126 км хатуу хучилттай зам, Цэнхэрийн гүүрийг ашиглалтад оруулахад дөрвөн тэрбум төгрөг зарах аж.

Хөдөө аж ахуйн салбарт зарцуулах улсын хөрөнгийн ихэнх нь худаг ус байгуулахад зарцуулагдах юм байна. Инженерийн хийцтэй 450 худагт засвар хийж шинээр 40 худаг гаргахаар төлөвлөсний ихэнх нь говь, тал хээрийн бүсэд төвлөрөх аж. Шинэ худаг барихад 200 сая, засварлахад 40О сая төгрөг тусгасны дээр нэмж Азийн хөгжлийн банкны зээлийн 247 сая төгрөг, Дэлхийн банкны зээлийн 476 мянган ам.долларыг зарах төлөвтэй.

Геологи, уул уурхайн салбарт Шарын гол, Архангайн зүүн, Булганы баруун урд хэсгийг хамарсан талбай болон Увсын зүүн, зүүн урд сумдын нутагт нүүрсний эрлийн ажлыг үргэлжлүүлэн түйцэтгэхэд 78,9 сая төгрөг зарж, газрын тосны олборлолтыг таван хувиар нэмэгдүүлэх аж.

Нийгмийн салбарт:

Итгэлийн мөнгө-гурван мянган төгрөгийг олгоход жилдээ 21,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Мөн эмзэг бүлгийн бага орлоготой, гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурдаг өрхийн нэг хүүхдэд хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгоход (нийт 69 мянган хүүхдэд) 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэнэ. Тэтгэврийн зөрүүг дэс дараатай арилгахад 4,7 тэрбум, ирэх долдугаар сараас 7,5 хувиар нэмэгдэх төрийн албан хаагчдын цалинд 5,2 тэрбум, нийгмийн болон халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авагсдын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 6,8 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгажээ. Ингэхдээ тус яам үнийн өсөлтийг харгалзсан гэнэ. Жишээ нь шатахууны үнийг 47 хувиар нэмэгдэнэ гэсэн "прогноз" хийж, эрчим хүчний үнэ өсч магадгүй зэрэг эрсдэлийг "тооцоолж" үүнд нийтдээ 14 тэрбум төгрөгийн хамгаалалт хийсэн гэж Сангийн яамныхан мэдэгджээ.

Харин төсвийн зардлыг хэмнэх, багасгах тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэсэн асуултад улсын ажлыг гэрээгээр гүйцэтгэгчдийн хүрээг өргөжүүлнэ гэхээс өөр зүйл хариулаагүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалд шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж, импортын татварын зохистой бодлого баримталж дотоодын зах зээлийг хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Малын тоо толгойг өсгөх, мал аж ахуйг бизнесийн хэв шинжтэй салбар болгох, малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүднээс малчид болон мал бүхий иргэнийг албан татвараас чөлөөлөхийг судална гэж мэдээлэлдээ дурдсан байна.