2004 онд 125 аж ахуйн нэгж 16 тонн алт олборлосон нь өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 дахин их байна (2004.12.28)
Монголын уул уурхайн салбарын 80 жилийн ой болж байгаатай холбогдуулан Үйлдвэр, худалдааны яамнаас албан мэдээлэл гаргасныг “Зууны мэдээ” сонинд /¹308, 2004-12-25/ мэдээлсэн байна.
Монгол Улсын уул уурхайн салбар нь өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 54 хувь, экспортын орлогын 65 гаруй хувийг үйлдвэрлэж 17 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Сүүлийн арваад жилд алт олборлолт 18 дахин, зэсийн хүдэр олборлолт 30.4 хувь, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэлд 14.6 хувиар өслөө. Монгол Улс өнөөдөр зэс олборлолтоороо дэлхийд 15-16, жонш олборлолтоороо дөрөв, молибдений олборлолтоор аравдугаар байрт байгаа бөгөөд дэлхийн алт олборлолтын 0.43 хувийг үйлдвэрлэн экспортод гаргаж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 29.8 хувийг хайгуулын лиценз бүхий талбай, 0.05 хувийг ашиглалтын лиценз бүхий талбай эзэлж байна. 2004 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар 60.6 сая га талбайг хамарсан 4257 хайгуулын лиценз, 155.8 мянган га талбайг хамарсан 850 ашиглалтын лиценз бүхий талбай эзэлдэг. Үүнд 32.5 сая ха талбайг хамарсан 929 хайгуулын лиценз, 57.7 мянган га талбайг хамарсан 96 ашиглалтын лицензийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд эзэмшиж, бусад хэсгийг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Монгол Улсын зэс молибдений үйлдвэрлэлийн экспортын орлогыг Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр дангаараа, хайлуур жоншны үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдэл үйлдвэрлэж байна. 2004 онд 125 аж ахуйн нэгж 16 тонн алт олборлосон нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 1.7 дахин их байна. Австрали-Канадын "Бороо Гоулд" ХХК Бороогийн алтны уурхайгаас таван тонн алт олборлосон байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарч нөхөн сэргээсэн талбайн хэмжээ болон байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа ч энэ ажилд ихээхэн анхаарал авих шаардлага хэвээр байна. Уул уурхайн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдын дунд сурталчлах, лиценз эзэмшигчдийн төслүүдийг гадаадад сурталчлах, хөрөнгө оруулагчидтай холбох зорилгоор "Дисковер Монголиа-2004" чуулга уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, "Майн Инфо" ХХК хамтран амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр дэлхийд нэр хүндтэй "Англо-Гоулд", "Дорнын уул уурхайн корпораци", "Камеко Гоулд", "Зио Тинто" зэрэг томоохон компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, зэс, алт, уран, нүүрсний,хэтийн төлөв бүхий орд газар, хүдрийн зангилаа бүсийг нээн илрүүлж хайгуулын ажлаа улам эрчим-жүүлж зарим нь олборлолтын ажлаа эхэллээ. Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлүүлэх ажилд ахиц гарч 2004 онд 1.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.4 дахин илүү байна. Энэ онд АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын алба нийтдээ хайгуулын 2038, олборлолтын 181, бүгд 2119 лиценз олгож, улсын төсөвт 7.7 тэрбум төгрөг орууллаа. АМХЭГ 2004 онд улсын төсөвт нийтдээ 8.8 тэрбум төгрөг оруулсан байна.