Эвслийн бүлэгт хоёр албан бичиг гардуулжээ (2004.12.28)
УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн хурал өчигдөр /2004-12-27/ үдээс өмнө болсон байна. “Өнөөдөр” сонины ¹303-т мэдээлснээс үзэхэд, тус бүлгийн дэд дарга Ц.Жаргал хуралдааныг эхлүүлж хоёр албан бичгийг танилцуулсан байна. Нэг нь "Эх орон-Ардчилал" эвслийн Удирдах дээд байгууллагын IV хуралдааныг 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар тогтсон тухай шийдвэр бөгөөд огнооноос нь үзвэл уг шийдвэрийг 12 дугаар сарын 15-нд гаргасан аж . Нөгөөх нь "Эх орон-Ардчилал" эвслийн Удирдах дээд байгууллагын тогтоол" гэсэн албан бичиг бөгөөд "Эх орон-Ардчилал" эвслийг татан буулгах тухай гэсэн нэртэй юм. Түүнд өгүүлснээс үзвэл, "Эх орон-Ардчилал" эвслийн Удирдах дээд байгууллагын хуралдаанд оролцвол зохих 400 гишүүнээс 219 гишүүн оролцож ирц нь 54.7 хувь байжээ. "Эх орон-Ардчилал" эвслийн Удирдах дээд байгууллагын IV хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн шаардлагаар "Эвслийг хугацаанаас нь өмнө татан буулгах" томъёоллоор илээр санал хураалгахад оролцогчдын 70.7 хувь нь дэмжсэн байна.
“Эх орон-Ардчилал” бүлгийн дэд дарга Ц.Жаргал энэ хоёр бичгийг танилцуулчихаад гишүүдийн асуултад хариулах боломжгүй гээд гарсан аж.
Энэ талаар “Өнөөдөр” сонин зарим улстөрчдийн байр суурийг тодруулсан байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уг Увслийн удирдах дээд байгууллагын хуралдааныг Эх орон-МАШСН-ын бага чуулган нь болжээ гэж бид ойлгож байна. Яагаад гэвэл Эвслийн удирдлага, гишүүдэд ямар нэг зар ирээгүй. Эвсэл нь хамтын байгууллага учраас түүнийг бүрдүүлэгч нэг субьект гарснаар задрах ёсгүй. "Эх орон-МАШСН"-ынхан эвслээс гарлаа гэхэд цаана нь хоёр субьект (АН, ИЗБНН) үлдэж байгаа юм гэж мэдэгджээ.
Харин ИЗБНН-ын тэргүүн С.Оюун «Эвслийн удирдлагын хурал болж ийм шийдвэр гаргасныг би өнөөдөр л мэдлээ. Бидэнд урьдчилан ямар нэг хэл дуулгаагүй. Эвслийн нэг субьект үнэхээр ийм шийдвэр гаргаж буй бол харамсч байна. Манай намын хувьд УИХ, Засгийн газар, эвсэл тогтвортой ажиллаасай л гэж хүснэ» хэмээн хэлсэн байна.
Мөн өдрийн үдээс хойш Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Гүйцэтгэх зөвлөл 25 гишүүнтэй. Хуралдаанд оролцогчид тус намын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, одоо УИХ-Ын Аюулгүй байдал, гадаад бодлогы байнгын хорооны дарга байгаа М.Энхсайхан 12 дугаар сарын 26-нд үйлдсэн бичгийг 15-нд гаргасан шийдвэр мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Ингээд нэгэнт эвслийн хурал болоогүй гэж АН-ын ҮЗХ-ны Гүйцэтгэх зөвлөл үзэж, эвслийг татан буулгах тухай дээрх шийдвэрийг хууль бус хэмээн дүгнээд энэ шийдвэрээ эргэн харахыг "Эх орон-МАШСН"-ын удирдлагад хүсэлт болгохоор шийдвэрлэсэн байна.