"Эх орон-Ард-чилал" эвслийг татан буулгах тухай шийдвэрийн талаар мэдээлэл хийв (2004.12.28)
УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Л.Гүндалай, Ж.Наранцацралт нар өчигдөр Ардчилсан намын төв байранд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэд намын дарга солигдсон болон Эвслийн удирдах дээд байгууллагын хурлаас "Эх орон-Ард-чилал" эвслийг татан буулгах тухай гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариулсан байна.
М.Энхсайхан хэлэхдээ, түүнийг Турк улс руу яваад эзгүй байхад турк хэлээр бол "каракаш" буюу эмх замбараагүй байдал үүсчээ гэв. ҮЗХ-ны хуралдааныг намын дарга зарлаж, даргалж хуралдуулдаг журамтай атал арванхоёрдугаар сарын 19-нд түүнийг гадагш яваад гуравхан цаг болж байхад өөрөө намын даргаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн мэтээр хүмүүст итгүүлэн ҮЗХ-ны хурал гэгчийг зохион байгуулсан хэмээн тэрбээр үзэж байна. Тэр үүнийг дүрмийн бус, ёс бус, эргэлтийн шинж чанартай зүйл гэж нэрлэсэн байна. Энэ үйл ажиллагаа нэлээд зохион байгуулалттай явсан, ийм хүмүүс төрийг самууруулж болзошгүй гэж М.Энхсайхан мөн ярьсан аж. Албан тушаал горьдогсод ба гомдогсод, элдэв хор найруулагчдын зүгээс үүнийг хийсэн гэж тэрбээр үзэж байгаа аж.
М.Энхсайханы тэргүүлдэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос их өрийг тэглэсэн байдал, хэдэн сая ам.доллар хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон, Засгийн газрын нөөц хөрөнгө хууль бусаар зарцуулагдсан зэрэгт шалгалт хийх гэж байхад ийм үйл явдал боллоо гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Зөвшилцөл хуйвалдаан болсон гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж Эвслийн удирдах дээд байгууллагаас эвслийг татан буулгах шийдвэр гаргасан гэж хэвлэлийн бага хурлыг зарлагчид мэдэгджээ. "Аймаг, дүүргийн Ардчилсан намын хурлыг хийж улмаар ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр ҮЗХ-г хуралдуулж болж байгаа үйл явдлуудад цэг тавина. Өөрсдийгөө Ардчилсан намын удирдлага гэж нэрлэсэн хэсэг хүн аймгуудын намд бичиг явуулсан. Харин аймгууд үүнийг эсэргүүцэж байна" гэж М.Энхсайхан мэдээллээ. "Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихэд тань дэмжлэг үзүүлэх гэж намын даргаас чөлөөлсөн гэдэгтэй санал нийлэх үү, таны найз нар яагаад урвав, эвслийг татан буулгах шийдвэрийг гаргуулахгүй байх нөхцөл байсан уу" зэрэг асуултад М.Энхсайхан хариулахдаа "Намайг албан тушаал горилсон гэж бодсон байх. Надад албан тушаал бус нийгмийг өөрчлөх нь чухал. Социалистууд засгийн эрх авах хүртлээ ардчилагчид байдаг. Би хэнийг ч урвагчаар нь дуудахгүй. Зорилгодоо үнэнч байхын төлөө явах ёстой. Би эвслийг татан буулгах шийдвэр гаргахын эсрэг байсан. Нэгэнт олонхиор гаргасан шийдвэрийг мөрдөх нь миний үүрэг. Улс төрийн утгаараа өнөөдрийн Засгийн газар бол эвслийн Засгийн газар биш, хувьсгалт намын эрх ашгийг хамгаалагч Засгийн газар юм" гэж хариулсан байна. Ардчилсан намын тамга М.Энхсайханд байгаа бөгөөд тэрбээр шилжүүлэх бодолгүй байгаа аж. Сонгуулиар өмнөх 72 гишүүнээ 36 болгосон намын дарга УИХ-ын дарга болж байхад хоёр суудлаа 34 болгосон намын дарга хариуцлага хүлээх нь утгагүй гэж тэд үзэж байгаа ажээ.