УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр: Засгийн газар огцрох эсэх асуудлын хууль, эрх зүйн орчныг нэлээд сайн судалж үзэх хэрэгтэй (2005.01.04)
Эвслийн бүлэг тарсан эсэх асуудлаар "Өнөөдөр” сонин шинэ оны 001 дугаартаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас зарим зүйлийг тодруулсан байна.
УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн наймын дагуу энэ харилцааг зохицуулах нь эвслийн бүлгийг тараах хангалттай үндэслэл болж чадах тухайд тэрбээр ярихдаа, "Намууд гэдэг дээр нэлээд маргаж байгаа юм. Бие даасан нам, эвсэлд багтдаг нам хоёрын хооронд эрх зүйн нэлээд ялгаа байдаг. Жишээ нь Ардчилсан намын бүх гишүүн намын шийдвэр гаргахад оролцоно гэж байхгүй. Тийм болохоор нам гэдэг өргөн хүрээтэй, зарим талаараа хийсвэр ойлголт юм. Хуулиар нам гэдгийг зохион байгуулалтын төлөөллөөр нь авч үздэг. Тэгэхээр М.Энхсайхан, Б.Эрдэнэбат хоёр л намаа төлөөлнө гэсэн үг. Нам төлөөлөх эрхтэй энэ хоёр хүн шийдвэрээ гаргасан нь яах аргагүй 21.8-аар тайлбарлагдаж байгаа юм гэж мэдэгдсэн байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга эвсэл тарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдэгдээд МАШСН ч эвслээс гараад явчихсан юм биш. Хоёр намыг төлөөлөх эрх бүхий дарга нар нь эвслээ тараая гээд л тараачихсан. Энэ шийдвэр УИХ-д мэдээлэгдээд эвслийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсон хэмээн тэр үзэж байна.
Энэ байдал Засгийн газрыг огцруулах хуулийн үндэслэл болох эсэх талаарх асуултад ноён Д.Одбаяр хэлэхдээ, Засгийн газар огцрох ёстой гэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Үүний эрх зүйн орчныг нэлээд сайн судалж үзэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.