Яг хагас жилийн дараа УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн маргаан өндөрлөх төлөвтэй (2005.01.04)
УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн сонгогчид удтал хүлээсний эцэст парламентад төлөөлөлтэй болох нь. Сонгууль болоод яг хагас жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал сая л нэг шийдэгдэх төлөвтэй. Яагаад төлөвтэй гэж хэлсний учир нь УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт нэр дэвшигч Ж.Гүррагчаа, Сам.Отгонбаяр нарын маргааныг таслах Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн өчигдөр болсон хурлын шийдвэрийг давж заалдахгүй бол энэ асуудал шийдэгдлээ гэсэн үг.
Уг шүүх хуралд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч Сам.Отгонбаяр нэхэмжлэгчээр, хариуцагчаар СЕХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч СЕХ-ны нарийн бичгийн дарга Х. Сүхбаатар, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хорооны дарга Г.Батбаатар, гуравдагч этгээдээр МАХН, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар, нэр дэвшигч Ж.Гүррагчаа нар оролцсон байна.
Шүүх хурлаас УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах СЕХ-ны хорооны 04 тоот тогтоолыг хэвээр үлдээх тухай Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны долдугаар сарын 16-ны шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдсэн байна. Ингэснээр дээрх шийдвэрийн дагуу явуулсан дахин санал хураалтын дүн хэвээр үлдэж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Ж.Гүррагчаа олонхийн санал авсныг баталсан байна. Гэхдээ аль нэг тал нь дараагийн шатны шүүхэд 10 хоногийн дотор давж заалдах эрх нь нээлттэй байгаа ажээ.