Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэн: Ардчиллын тугийг 10 гаруй жил өргөж явсан ардчилсан хүчнүүд өөрсдийгөө ийм байдалд түлхэн оруулж байгаа нь түүхэн эмгэнэл (2005.01.04)
Сүүлийн үед улс төрийн амьдралд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэнтэй “Монголын мэдээ” сонины /¹001, 2005-01-04/ сурвалжлагч уулзаж ярилцжээ. "Эх орон-Ардчилал" эвсэл тарсан шалтгааны талаар ноён Д.Бямбасүрэн ярихдаа, Одоогийн төр засгийг ард түмнээсээ тэнцүү итгэл хүлээсэн хоёр улстөрийн хүчин хамтарч байгуулж байсан бол 2004 оны 12 дугаар сарын 30-нд ардчилсан хүчний бүлэг улс төрийн тавцангаас буулаа. Хууль барьж яривал, төрийн бүх эрх мэдэл МАХН-д шилжих болж байна. "Эх орон-Ардчилал" эвслийг тарлаа хэмээн зарласны дараа эвслийг бүрдүүлж байсан хоёр намын гишүүд сайн дурын уран сайханч төдий боллоо гэж дүгнэжээ. Ардчиллын тугийг 10 гаруй жил өргөж явсан ардчилсан хүчнүүд өөрсдийгөө ийм байдалд түлхэн оруулж байгаа нь түүхэн эмгэнэл хэмээн тэрбээр үзэж байна.
Сүүлийн үед эвслийн улстөрийн хүчнүүд дотор төрийн алба мөрөөдөгчдийн багийн шинж илт цухалзах болсон нь эвслийг задралд хүргэсэн гэж ноён Д.Бямбасүрэн мэдэгдээд одоо Монголд гуравдагч хүчний байр суурь үгүйлэгдэж байна гэжээ. Тэрбээр Эх орон-МАШСН-ыг үндэсний хэмжээний улс төрийн байр сууринд очиж бэхэжсэн тул гуравдагч хүчний замыг сонгосон байх хэмээн үзэж байгаа ажээ.
Эвслийг татан буулгасан нь Ардчилсан намын дотоод зөрчлөөс үүдэлтэй гэдэг талаар тэрбээр хэлэхдээ, Ардчилсан намын удирдлагыг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хэрэгжүүлдэг. Гэтэл жилд хоёр удаа хуралдаж, намын удирдлагаас өөр асуудал хэлэлцэж шийдвэрлэх чадваргүй болсон бүтцээр намын улстөрийн байр суурийг томъёолох боломжгүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа. Ардчилсан намд ҮЗХ-ны чөлөөт цагт улстөрийн шийдвэр гаргах бүтэц байсангүй. Хамтын удирдлагын зарчим хэрэгжиж чадсангүй. Энэ нь намыг удирдаж байгаа хэн нэгэн хүний хувийн алдаа гэхээсээ илүү тогголцооны гажиг юм. Энэ нь Ардчилсан намын дотоод нэгдлийн хүчийг сулруулж, төрийн алба сонирхогчдын баг бүрдэх чанар нь давамгайлахад хүргэсэн. ҮЗХ-ны гишүүнээр сонгогдохоос эхлээд УИХ-д сонгогдох хүртэл мөнгөний болзол, шалгаруулалт зэрэг нь намын удирдах бүрэлдэхүүнд сонирхлын бүлгүүд үүсэх хөрс болсон. Энэ нь Ардчилсан нам өөрийгөө шинээр зохион байгуулах, шинэ үеийн улстөрийн зүтгэлтнүүдээ өргөж гаргахад саад болж байна гэж тэр үзэж байгаа ажээ.
Түүнийхээр улстөрийн хүчнүүд, тэдний удирдагчдын төлөвшил нь зөөлөн хэлэх юм бол өсөлтийн бэрхшээлтэй тулгарч "шилжилтийн насаа" үдэх хэрэгтэй байгаа ажээ. Асар их үнээр олдсон ардчиллыг ардчилагчид нэрийн дор яваа цөөн хүн монопольчилсоор байгаад ялзарч байгаа нь энэ. Иймд одоогийн хямралыг гэтлэхэд гурван гол асуудлыг цогцоор анхаарах шаардлагатай. Нэгд, ардчиллын үнэт зүйлсээс ухрах алхам хийж болохгүй. Хоёрт, Ардчилсан намыг хагалж бутаргаж болохгүй. Гуравт, эвслийн Засгийн газрыг үгүйсгэж болохгүй. Энэ нөхцөлд хямралыг хохирол багатайгаар гэтэлж болох юм. Түүнээс гадна намуудын бүлгийг яаралтай шинээр бий болгох нь улс орны язгуур эрх ашгийн асуудал болж байна гэж ноён Д.Бямбасүрэн мэдэгдсэн байна.