УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Ардчилсан нам улс төрийн бусад хүчинтэй харилцах эрх бүхий субъектээ нэг мөр тодорхой болгох шаардлагатай (2005.01.05)
УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн эвслийн бүлэг байгаа эсэх талаарх “ЗМ” сонины /¹3, 2005-01-05/ сурвалжлагчийн асуултад хариулахдаа, эрх зүйн үндсээрээ УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг тарсан учраас эвслийн бүлэг гэж байхгүй. Тус бүлгийг бүрдүүлж байсан гишүүд сул гишүүн болцгоосон хэмээн мэдэгджээ.
Сонгуульд анх орсон субъектээрээ УИХ-ын бүлэг байгуулахаар хуульчилсан байдаг. Тийм учраас ямар нэгэн нам дагасан бүлэг шинээр байгуулах эрх тэдэнд байхгүй. Харин байгаа бүлэгт нэгдэж орох боломж хуульд нээлттэй гэж тэрбээр үзэж байна.
Засгийн газрыг байгуулахад хамтарсан эвсэл задарч эрх зүйн шинэ орчин бүрдээд байна. Хуульд бүлэг, эсвэл эвсэл тарвал Засгийн газрыг огцруулах, эс огцруулах тухай ямар нэг заалт байхгүй. Тийм учраас Засгийн газар цаашид үйл ажиллагаагаа хэвийн ургэлжлүүлэх боломжтой гэж ноён Д.Идэвхтэн ярьжээ. Гэхдээ түүний үзэж байгаагаар Засгийн газрын хариуцлагыг аль улс төрийн хүчин хүлээх нь тодорхойгүй үлдэж байгаа аж. МАХН 36, Ардчилсан нам 25, Эх орон-МАШСН долоо, ИЗ-БНН хоёр, БНН нэг суудалтай, харьцангуй тэнцвэртэй парламент бүрдэж байна. Ийм тохиолдолд бүх санаачилга МАХН-д шилжлээ гэж үзэж болохгүй. Парламентад суудалтай намууд хамтарч ажиллах шаардлагатай гэж тэрбээр тэмдэглэн хэлсэн байна.
Танай нам Ардчилсан намтай харилцах тодорхой субьект гэж хэнийг үзэж байгаа талаар УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн “Ёстой тодорхойгүй асуудал бол энэ байгаа юм. Уг нь М.Энхсайхан тус намын дарга байсан. Дараа нь Р.Гончигдорж боллоо гэж зарласан. Гэтэл Р.Гончигдоржийг зарим нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой юм. Тийм учраас Ардчилсан намын гишүүд тус намаас УИХ-д сонгогдсон хүмүүс олон нийттэй болон улс төрийн бусад хүчинтэй харилцах эрх бүхий субъектээ нэг мөр тодорхой болгох шаардлагатай гэж ойлгож байгаа гэжээ.