С.Оюун өөрөө өргөдлөө гаргаагүй байхад асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэж эвслийн гишүүд үзэж байна (2005.01.12)

A- A A+
С.Оюун өөрөө өргөдлөө гаргаагүй байхад асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэж эвслийн гишүүд үзэж байна (2005.01.12)

С.Оюун өөрөө өргөдлөө гаргаагүй байхад асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэж эвслийн гишүүд үзэж байна (2005.01.12)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж УИХ-ын гишүүн С.Оюуныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийг илэрхий зөрчсөн үйлдэл болсон гэж УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн гишүүд үзэж байгаа юм. Тэд УИХ-ын дарга Н.Энхбаярын нэр дээр өчигдөр албан бичиг илгээж энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, УИХ-ын нэгдсэн чуулган болон бусад бүтцээр дээрх асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардсан байна.

УИХ дахь "Эх орон-Ардчилал" бүлгийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээс үзэхэд, хэрэв уг шаардлагыг хүлээж авахгүй, дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ажлыг үргэлжлүүлбэл тэд оролцохгүй бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж гарын үсгээ зуржээ. Харин "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн 34 гишүүнээс Х.Баттулга, Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир, Б.Эрдэнэбат нарын дөрвөн гишүүн эл мэдэгдлийг дэмжихгүйгээ илэрхийлж гарын үсэг зурахаас татгалзсан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай "Тайлбартай, зарим асуудалд түдгэлзсэн байгаа" гэж тодотгон дэмжихээ илэрхийлсэн аж.

Эвслийн бүлгийн албан бичигт, "Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 4.4-т заасны дагуу УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг хуссэн өргөдлөө УИХ-ын гишүүн С.Оюун өөрөө гаргаагүй байхад уг асуудлыг УИХ-ын байнгын хороогоор авч хэлэлцсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 24.1, УИХ-ын тухай хуулийн 21.1-д заасан УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгох заалт нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд чөлөөлөх дэг, журмыг бусад хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан байна. Сонгох үеийн нөхцөл байдал өөрчлөгдөх нь тухайн албан тушаалтны бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэсэн Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн үндсэн зарчмыг будүүлгээр зөрчсөн гэж дурдсан байна.