С.Оюуныг дэд даргаас чөлөөлөх асуудлыг УИХ ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болжээ (2005.01.13)

A- A A+
С.Оюуныг дэд даргаас чөлөөлөх асуудлыг УИХ ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болжээ (2005.01.13)

С.Оюуныг дэд даргаас чөлөөлөх асуудлыг УИХ ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болжээ (2005.01.13)

УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлснээр УИХ-ын дарга Н.Энхбаяртай УИХ-ын гишүүн С.Ламбаа, Э.Бат-Үүл, Батж.Батбаяр нар уулзаж, УИХ-ын дэд дарга С.Оюуныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар лавласан байна. УИХ-ын дарга Н.Энхбаяр энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд уг асуудал ороогүйг мэдэгджээ. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хуулийн хүрээнд процедурын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод хүрлээ гэж УИХ-ын хэвлэл, мэдээллийн албаны мэдээнд дурджээ.

Уулзалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав нар байлцжээ. Су.Батболд өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дэд дарга С.Оюуныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалт, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн 22-ын 2 дахь заалтын хүрээнд хуралдаж, шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн 24-ийн 1 дүгээрт УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Хоёрдугаарт, УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь емнө чөлөөлж, огцруулж болно гэж заасан байна. Харин хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн 22-ын 2-т УИХ-ын өөрийн дотоод зохион байгуулалт, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тухай болон УИХ-аас тогтоол гаргахаар хуульд заасан асуудлаар гаргах тогтоолын төслийг холбогдох байнгын хороо санаачилж болно гэж заажээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Энхбаяр энэ асуудалд Их Хурал анхнаасаа хуулийн дагуу ажилласан. Цаашид ч Үндсэн хууль, бусад хуулиа дээдлэн сахих нь хууль тогтоогчдын үндсэн үүрэг. Төрийн түүх бичилцэж байгаа бид бүхэн аливаа маргаантай асуудалд хууль зүйн хүрээнд зөв жишиг тогтоож явах учиртайг онцлон хэлжээ.