Ардчилсан намын зарим гишүүн шинэ бүлэг байгуулах санал гаргажээ (2005.01.19)
УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүн өчигдөр хуралдаж, УИХ дахь МАХН-ын бүлэгт дагаар нэгдэхгүй гэж шийдсэн бололтой. "Өдрийн сонин”-д мэдээлснээс үзэхэд, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Ж.Наранцацралт, Л.Гүндалай, Р.Бадамдамдин нарын 5-6 УИХ-ын гишүүн уг хуралд оролцсон байна. Эдгээр гишүүд эвслийн бүлэг татан буугдсан болон УИХ-ын дэд дарга С.Оюун үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан үүссэн улстөрийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.
Энэ хурлаас УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон гишүүд бүлэг байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч "УИХ дахь Ардчилсан намын бүлгийг зохион байгуулах тухай" тогтоолын төслийг санаачлан бусад намын гишүүдээрээ гарын үсэг зуруулахаар болсон байна. Эдгээр гишүүн УИХ-ын тухай хуулийн 21.1 -д заасныг үндэслэн Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн бүлгийг шинээр байгуулахаар болсон гэнэ. Гэвч шинээр бүлэг байгуулах нь хуульзүйн үүднээс боломжгүй аж. Учир нь дээрх хуулийн заалтад тухайн намаас наймаас дээш гишүүн сонгогдсон тохиолдолд бүлэг байгуулах талаар тусгасан, мөн сонгуульд эвсэн орсон эвсэл нь тарсан тохиолдолд шинээр бүлэг байгуулах боломжгүй гэдгийг ч тусгажээ.