Экс эвслийн 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргалаа (2005.01.25)
Экс эвслийн бүлгийн 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэж нэгдсэн бүлэг байгуулах саналаа МАХН-ын бүлэгт өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Энэхүү хүсэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт, С.Оюун, Р.Эрдэнэбүрэн нар МАХН-ын бүлгийн хурал дээр албан ёсоор уламжилсан ажээ. Үүний өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 23-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан болж, УИХ-д сонгогдсон гишүүддээ хандан тогтвортой хөгжил, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж зөвшилцлийг баталгаажуулан, УИХ-д нэгдмэл олонхийг бүрдүүлэхээр МАХН-ын бүлэгтэй хамтран ажиллах зөвлөмж гаргасан юм.
Энэ хурал дээр УИХ-ын гишүүн С.Баярцогтын уншиж сонсгосноос үзэхэд, МАХН-ын бүлэгт нэгдэх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт, А.Бакей, Батж.Батбаяр, Н.Батбаяр, Б.Батбаатар, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, Р.Бадамдамдин, Ц.Баярсайхан, Л.Гансүх, Д.Ганхуяг, Л.Гантөмөр, С.Ламбаа, Б.Мөнхтуяа, А.Мурат, Д.Одхүү, К.Саираан, Я.Санжмятав, М.Сономпил, Ч.Содномцэрэн, ИЗ-БНН-ын гишүүн С.Оюун, М.Зоригт, Эх орон намын Р.Эрдэнэбүрэн, Х.Баттулга нарын 25 гишүүн гаргаж гарын үсгээ зурсан ажээ.
Харин МАХН-ын бүлэгт нэгдэхгүй хэмээн байр сууриа илэрхийлж Ардчилсан намын гишүүдээс М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Ж.Наранцацралт, Л.Гүндалай, О.Энхсайхан, Ж.Батхуяг, Р.Амаржаргал, Эх орон намын С.Отгонбаяр, Ц.Батаа, Б.Эрдэнэбат, Б.Цэрэнбалжир, Ц.Жаргал нарын 12 гишүүн гарын үсгээ зураагүй байна.