“Айвенхоу майнз” УИХ, Засгийн газрын гишүүдэд зориулан уулзалт хийлээ (2005.01.25)

A- A A+
“Айвенхоу майнз” УИХ, Засгийн газрын гишүүдэд зориулан уулзалт хийлээ (2005.01.25)

“Айвенхоу майнз” УИХ, Засгийн газрын гишүүдэд зориулан уулзалт хийлээ (2005.01.25)

Энэ уулзалтыг тус компани Монгол Улсын Засгийн газартай "Айвенхоу Майнз" компанийн байгуулахаар төлөвлөж буй Тогтвортой байдлын гэрээг үзэглэх асуудлыг түргэсгэх зорилгоор хийсэн гэж “Ардын эрх” сонин /¹18, 2005-01-25/ мэдээлжээ. Тогтвортой байдлын гэрээ байгуулах юм бол Монгол Улсын Засгийн газрын зүгээс 15.жилийн турш татвар болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгөх үүрэг хүлээх юм байна.

Өнгөрсөн онд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгжийн үнэ нь дээд тал нь 15 ам.доллар хүрч байсан хувьцаа таван ам.доллар болтлоо буураад байгаа аж. Монголын улстөрд өрнөж буй үйл явцыг даган “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш өөрчлөгдөж байна хэмээн “Өнөөдөр” сонин /¹020/ уг уулзалтын талаар сурвалжлахдаа дүгнэсэн байна. Хэрвээ "Айвенхоу Майнз" компани Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулбал Оюутолгойн ордыг бүрэн хүчин чадлаар эзэмшихэд эхний ээлжинд шаардлагатай байгаа 1,3 тэрбум ам.долларыг дэлхийн санхүүгийн зах зээлээс босгох боломж бүрдэхээр байгаа хэмээн тус компанийн эзэн Роберт Фридланд уг уулзалт дээр мэдэгджээ. "Айвенхоу Майнз" компанийн тооцоолсноор 25 жилийн дараа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэхийн тулд өнөөдрийн байдлаар оруулаад байгаа 200 сая ам.доллараас гадна 2,8-2,9 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Монголын Өмнөговь аймгийн Оюутолгойд хоёр ил уурхай ажиллаж, өдөртөө 130 тонн хүдэр олборлоно хэмээн тус компани төлөвлөөд байгаа аж. Тэдний тооцоогоор 2007 он гэхэд эхний ил уурхайг ашиглалтад оруулж, 2009 он гэхэд далд уурхайг ашиглаж, улмаар 2014 он гэхэд Оюутолгой ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх юм байна.

“Ардын эрх” сонинд мэдээлснээс үзэхэд, уулзалтад оролцогсод холбогдох асуултуудыг "Айвенхоу Майнз" компанийн удирдлагад хандан тавьсан бөгөөд тухайлбал, зарим хүн тус компани Монголын эрчим хүчний найдвартай нийлүүлэлтэд эргэлзээтэй хандаж, үйлдвэрлэлээ эхэлснээс хойш таван жилийн хугацаанд БНХАУ-ын Өвөр Монголоос эрчим хүч авах бодолтой байгааг таашаахгүй байгаагаа хэлсэн аж.