БИЗНЕСИЙН ОРЧИН

A- A A+
БИЗНЕСИЙН ОРЧИН

Шилжилтийн эдийн засаг бүхий, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн багатай орнуудын дотроос Монгол Улс нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг тавих талаараа багагүй ахиц дэвшил гаргасаар байгаа билээ. Ардчилсан шилжилтийн үе дуусах шатандаа орж, хамгийн хүнд хэцүү ажил үлдсэн энэ үед манай улс дэлхийн эдийн засаг дахь өрсөлдөх чадавхиа хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Ингэснээр аль болох нээлттэй, ардчилсан нийгэм бий болгох эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх бөгөөд тогтвортой, өргөн хүрээтэй, тэгш шударга, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийн үндсүүдийг тавих юм.

Дэлхийн Эдийн Засгийн Форум /ДЭЗФ/ - аас эрхлэн явуулдаг эдийн засгийн өрсөлдөх чадвар ба өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийн олон улсын харьцуулсан судалгаанд манай улс 2008 онд гурав дахь удаагаа хамрагдлаа. Нээлттэй Нийгэм Форум ДЭЗФ-тай байгуул сан гэрээний дагуу Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайланд оруулах Монгол улсын судалгааг хариуцан, Хүман Фортис Консалтанси компанитай хамтран гүйцэтгэлээ. Энэ жилийн судалгаанд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй эдийн засаг, бизнесийн гол салбарууд, том, дунд компаниудын төлөөллийг агуулсан 308 компанийг түүвэр болгон авсан бөгөөд үүнээс 81 аж ахуйн нэгж санал асуулгад оролцлоо.

Удирдах ажилтны санаа бодлын судалгаа буюу "Бизнесийн салбарынхны дуу хоолой" тайлан судалгаагаар олоход түвэгтэй олон төрлийн хувьсагч бүхий үнэтэй өгөгдөл, мэдээллийг цуглуулсан бөгөөд 2008 оны тайланд нийт 134 улсаас Монгол улс 100 дугаар байрт бичигдсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг байраар урагшилсан үзүүлэлт юм. Манай хөрш хоёр орон болох Хятад, Орос улс нь Монголоос дээгүүр буюу 30, 51 дугаар байрыг тус тус эзэлсэн байна(дэлгэрэнгүй мэдээллийг www.gcr.weforum.org хаягаар үзэх бололцоотой) “Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2008-2009” -ийн улс орон бүрт холбогдох мэдээлэлд танилцуулснаар Монголын тэргүүлэх бизнесийн удирдлагууд "бизнес эрхлэхэд хамгийн бэрхшээлтэй хүчин зүйлс"-д дараахь шалтгаануудыг тооцжээ. Үүнд төр, засгийн хүнд суртал, авилга, ажиллах хүчний боловсрол, бодлогын тогтворгүй байдал, үндэсний ажиллах хүчний сул ёс зүй, санхүүжилт олж авах боломж, инфляци зэргийг дурдсан байна.

Хэрэгжиж болохуйц тодорхой санал боловсруулан байнгын хяналт тавьж ажиллах тал дээр хувийн хэвшил, Засгийн газар хоёрын хамтын ажиллагаа нь улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэн тустай. Энэхүү түншлэлд гарах ололт амжилтыг үнэлж дүгнэхэд Монгол Улсын өрсөлдөх чадварын индекст эзэлсэн жил бүрийн зэрэглэл, түүний өөрчлөлтийг нэг гол үзүүүлэлт болгон ашигладаг. Өөрөөр хэлбэл, энэхүү индекст Монголын цаашид эзлэх байр суурь нь ололт амжилтыг хэмжих гадаад хэмжүүр буюу эдгээр хүчин чармайлтын үр дүнг үнэлэх "онооны талбар" болж өгдөг юм. Гэвч хувийн хэвшлийн зохион байгуулалттай, үр дүнтэй нөлөөллийн асуудал өнөөдөр манай улсад дөнгөж бүрэлдэн тогтох шатандаа явж байна. Томоохон компаниуд хувийн хэлхээ холбоогоороо дамжуулан төр, засгийн байгууллагуудаар асуудлаа шийдвэрлүүлэх хандлагатай байгаа нь жижиг, дунд хэмжээний аж ахуйн газрын хувьд тэр бүр тохиодоггүй хяслан байсаар байна.