БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ

A- A A+
БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ

ЮНЕСКО-ийн санхүүжилтээр ННФ 2008 онд Монголын боловсролын салбарын ХДХВ/ДОХ/-оос сэргийлэх бодлогын орчны үнэлгээг хийв. Судалгаанаас үзэхэд, ХДХВ/ДОХ/-ийн талаарх боловсрол олгохыг 1997 оноос зорилт болгон тавьж ирсэн боловч хэрэгжилт нь нэн хангалтгүй байна. ХДХВ/ДОХ/-оос урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох, сургагч багш бэлтгэх анхны ажлыг гаднын донор байгууллагуудын тусламжтайгаар 1999-2003 онд эхлүүлсэн хэдий ч энэ ажлыг үргэлжлүүлэн нэгдсэн бодлоготойгоор цогцоор нь хэрэгжүүлээгүй байна. Зөвхөн ДОХ, Сүрье, Хумхаагаас сэргийлэх Глобал Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, ЮНЕСКО, Германы Хамтын Ажилллагааны GTZ зэрэг донор байгууллагуудын санхүүгийн болон мэргэжлийн туслалцаанд найдсан хэвээр байна. БСШУЯ-ны бүтцэд эрүүл мэнд, ДОХ-ын боловсрол хариуцсан түшмэл нь хүүхэд хамгаалал, “Үдийн цай” зэрэг үндэсний болон салбарын нийт 18 хөтөлбөрийн бодлого, зохицуулалтын ажлыг зэрэг хийдэг төдийгүй зөвхөн бага, дунд боловсролын бодлого хариуцсан бүтцэд багтаж ажилладаг тул залуучууд олноор хамрагддаг дээд боловсрол болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн боловсролын оюутан, багш нарт хүрч ажиллаж чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн агуулгын хүрээнд БЗХ/ДОХ/ХДХВ-ээс сэргийлэх боловсрол эзэмшсэн сурагчдын дунд халдвараас сэргийлэх арга замын тухай мэдлэг харьцангуй өндөр байгаа ч зан үйл болгож амьдралдаа хэрэглэх нь тун доогуур үзүүлэлттэй байгааг 2007 онд Эрүүл мэндийн яамнаас хийсэн тандалт судалгааны дүн харуулжээ. ХДХВ/ДОХ/-оос сэргийлэх сургалтыг албан боловсролын агуулгад багтаасан амжилтыг бэхжүүлэх зорилгоор судалгааны дүгнэлтэд тулгуурлан БСШУЯ-ны түвшинд энэ ажлын хэрэгжилтийг дэмжих оновчтой бүтэц, үйл ажиллагааны стратегийг санал болголоо.

Сүүлийн жилүүдэд сургууль завсардалтын хэмжээ өсөх болсонтой холбоотойгоор бодит шалтгааныг нь олж судлах, боловсролын салбарын бодлогын үр өгөөжийг үнэлэх арга зүйг боловсруулах ажлыг хийж байна. Тухайлбал, засаг захиргааны үндсэн нэгж болох хорооны бүртгэлийг ашиглан сургуулийн насны хүүхдүүдийг тоолж, сургуульд сурахгүй байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг кейс судалгаагаар нарийвчлан тодорхойлох арга зүйг боловсрууллаа. Сургууль завсардалтын дүн мэдээг зөвхөн сургуулиар дамжуулан бүрдүүлснээс сургуульд огт элсээгүй хүүхэд боловсролын албан ёсны стастистикт тусахгүй байгаа нь энэ судалгааны явцад ажиглагджээ. Судалгааг ННФ-ын захиалгаар Зохистой Хөгжлийн Жендер Төв, Филантропи төв зэрэг төрийн бус байгууллага Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн хороо, хэсэг дээр хийж буй бөгөөд тайлан нь 2009 онд гарах юм.