Эрчим хүчний салбарын уналт

A- A A+
Эрчим хүчний салбарын уналт


Г.Өлзийсайхан

Олон улсын экспертүүдийн үзсэнээр 2011 онд Монгол Улс эрчим хүчний хомсдолд орох аюулд тулаад байна. Эрчим хүчний үйлдвэрүүд маань хагас зуун жилийн өмнөх техник технологи ашиглан, хэрэглэгчдээ дулаан, цахилгаан түгээж буй нь цаг, минутаар хувьсан өөрчлөгдөх хөгжлийн хурдац, хэрэглээний өсөлтийг арай ядан хангаж байна. Ингэж хэлэхийн учир нь 1956-1976 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг шинэчилснээр энэ хуучин эд ангиудыг одоо үйлдвэрлэхээ нэгэнт больжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангаж буй станцуудын тоног төхөөрөмжийн 20 хувь нь эдэлгээний хугацаагаа дуусгажээ. Тэглээ гээд шинэчлэх хөрөнгө мөнгө байхгүй тул хүчин чадлынхаа хэмжээнд бус, бүтээмж муутайхан ажиллаж л байна. Тодруулбал, дулааны цахилгаан станцын насжилт 30 жил байдагтай харьцуулахад ДЦС II 47, ДЦС III 40 жил, Дарханы Дулааны цахилгаан станц 43 жил, Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ 39 жил болж энэ хугацаагаа хэдийнэ давжээ. Одоогоор эдгээр станц боломжит хүчин чадлынхаа 78-85 хувийг ашиглаж байгаа юм.

Олон жилийн турш амь тариа төдийхнөөр аргацаасаар ирсэн төрийн бодлогын алдаа байгаа нь илэрхий. Холыг харсан дорвитойхон хөрөнгө оруулалт хийх арга хэмжээг тухайн цагт нь авч байгаагүйн үр дүн манай улсыг эрчим хүчний салбарыг ийнхүү хямрахад хүргэсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс нь ч тайлбарлаж байна.

Түүгээр ч зогсохгүй арав гаруй жил дамжсан өр авлагын сүлжээгээ зохицуулж чадахгүй өдий хүрэв. 2008 оны байдлаар эрчим хүчний компаниудын өр 55 тэрбумыг давжээ. Энэ он гараад ч нэмэгдэж буй сурагтай. Найман жилийн өмнөх салбарын бүтцийн өөрчлөлтөөр бие даасан компани болж задрахад ч тодорхой хэмжээний өртэй байсан гэдэг. Өмнөх оноосоо 17 тэрбум төгрөг буюу 30 хувиар нэмэгдээд буй дээрх их өрийн 36 хувь нь нүүрсний уурхайнуудад, 24.9 хувь нь банкны зээл, зээлийн хүүд, 17.3 хувь нь бэлтгэн нийлүүлэгчдэд, 18.4 хувь нь төслийн зээл болон зээлийн хүүд төлөх мөнгө юм. Өөрөөр хэлбэл, өрийн 80 хувь нүүрс, банкны зээл, төслийн зээл гэсэн гуравхан зүйлд хуваагдаж байна.

Дэд бүтэцгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих боломжгүй. Тэр дундаа эрчим хүч бол дэд бүтцийн салбарын амин сүнс юм. Байшин барилга баригдаж, үйлдвэр үйлчилгээ нэмэгдэн, хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ хөндөгдөж байдаг нь зүй тогтол. Технологийн хоцронгуй байдал нь үе үе цахилгаан тасрах доголдолд хүргээд буй. Уг нь XXI зууны хотожсон иргэдийн ярианд “цахилгаан тасрах” гэдэг үг ховор байх учиртай ч Монголын иргэдийн дунд хэвийн үзэгдэл мэт байгаа нь харамсалтай. 2008 онд улсын хэмжээнд цахилгаан станцын томоохон найман эвдрэл гарчээ. Гуравдугаар сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эзэмшлийн 10, 6 кВ /киловольт/-ийн кабелийн оруулгын тосон таслуурууд гэмтсэнээс дэд станц шатаж, Хан-Уул дүүргийн бүх үйлдвэр, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Оргил” сувилал орчмын хэрэглэгчдийг 72 цагийн турш цахилгаанаар тасалдуулж хэрэглэгчдийг сандаргасан. Уг ослын улмаас 231.7 сая төгрөгийн шууд хохирол учирсан гэсэн тооцоог гаргасан байгаа. Мөн оны есдүгээр сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эзэмшлийн 075-р хаалттай дэд станцын трансформатор гэмтэж гал гарснаас болж Чингэлтэй дүүргийн хотын төвийн хэсгийн хэрэглэгчдийг зургаан цаг гаруй хугацаанд цахилгаанаар тасалдуулсан.

Сүүлийн арваад жил хөрөнгө мөнгөгүйн улмаас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй нь гэмтлийн шалтгаан гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Гал унтраах төдийгөөр аргацааж ирсэн технологийн шинэчлэлд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдэхгүй бол цаашдаа цахилгаан станцын найдвартай ажиллагааны тухай яриад нэмэргүй юм.    Ялангуяа төвийн бүсийн цахилгааны хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг нийслэл хотын нэмэгдэж буй цахилгааны хангамжийг хэрхэн хангах вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байгаа.
Өнөөдрийн хүн амын өсөлт, түүнийг дагасан дулаан, цахилгааны хэрэглээг тухайн үед зөв тооцоолоогүйгээс хэт их ачааллын дарамтад бид амьдарч байна. Бидний нэрлэж буй их бүтээн байгуулалтын гэгдэх 100.000 айлын орон сууц, томоохон уул уурхайн төслүүд ажил хэрэг болох үед түүнийг дагаж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Хүссэн ч, эс хүссэн ч эрчим хүчний эрэлт нь нийлүүлэлтээсээ хол давж гарах тул ямар нэгэн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй хэрэгцээ үүсч байгаа юм. Тавдугаар цахилгаан станцын сураг гараад багагүй хугацаа өнгөрсөн ч тендерээ буцааж, дахин зарлахаар болоод буй. Түүнээс гадна Оюутолгой, Тавантолгойн станцууд 2014 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор цаас төдий эдгээр мэдээлэлд найдахад бэрх юм. Ерөөсөө нэмэгдэл эх үүсвэрийг бий болгохгүй бол 2012 онд эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлтээсээ давж гарна.

Гацаанд ороод байгаа эрчим хүчний энэ хямралаас гарахын тулд ихээхэн мөнгө шаардлагатай. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэгт зөв шийдлийг олох нь зайлшгүй болоод байна.

Эрчим хүчний зохицуулах газраас салбарынхаа үйлдвэрүүдийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн судалгааг гаргаж ЭБЭХЯ-нд уламжилжээ. Гэхдээ энэ мөнгө бүтээн байгуулалтад биш, тоног төхөөрөмжийн шинэчлэлд буюу уламжлалт амиа аргацаах үйл ажиллагаанд зориулагдах хөрөнгө юм. Харин Засгийн газар ийм хэмжээний мөнгийг гаргах боломжтой юу. 2009 онд түлш эрчим хүчний салбарт оруулах хөрөнгийн хэмжээ 42 тэрбум гаруй төгрөгөөр тусгагдсан байна. Төсөвлөсөн энэ мөнгө тэр чигээрээ Дулааны цахилгаан станц болон дулааны шугам шинэчлэлт, 6-110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд зарцуулагдах гэнэ. Хэдий тэрбум гэсэн тоо том сонсогдох авч энэ нь 16-хан трансформатор авах төдий л мөнгө ажээ.

Эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд дулааны станцуудын технологийг шинэчлэх шаардлагатай. Технологио шинэчлэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн ойрын үед шинэ эх үүсвэрийг бий болгоход анхаарахгүй бол зөвхөн станцууд биш, эрчим хүчний салбарын ирээдүй бүрхэг харагдаж байгаа юм.