Алт олборлолт 2004 онд эдийн засгийг өсөлтийн 35,5 хувийг эзэлжээ (2005.02.02)

A- A A+
Алт олборлолт 2004 онд эдийн засгийг өсөлтийн 35,5 хувийг эзэлжээ (2005.02.02)

Алт олборлолт 2004 онд эдийн засгийг өсөлтийн 35,5 хувийг эзэлжээ (2005.02.02)

Сангийн сайд Н.Алтанхуяг өчигдөр татвар төлөгчидтэй уулзаж, 2004 оны эдийн засгийн төлөв байдал, татвар төлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл хийсэн байна.

Сангийн сайд Н.Алтанхуягийн мэдээлснээр, 2004 онд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 10.6 хувьд хүрчээ. Үүний 4.4 нэгжийг хөдөө аж ахуй, 4,2 нэгжийг үйлдвэрлэл, хоёр нэгжийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн дүн гарсан байна. "Бороо гоулд" компани алтны үндсэн орд ашиглаж эхэлснээр алт олборлолт 74.6 хувиар нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтийн 35.8 хувийг эзэлжээ. Инфляц 11 хувьд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны 7-9 дүгээр сард нефть, мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэж үзсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн дүн 697.3, зарлага нь 713.8 тэрбум төгрөг болж, төсвийн алдагдал 16.4 тэрбум байсан нь өнгөрсөн оныхоос бараг дөрөв дахин бага байгаа аж. Харин 2005 онд алдагдлыг 67.8 тэрбумаар төлөвлөсөн байна. Төсвийн орлогыг 2004 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл нийт орлогын дийлэнхийг буюу 579 тэрбумыг нь татварын орлого эзэлж байгаа гэнэ. Төсвийн орлогын өсөлтөд алт, зэсийн ханш, импортын өсөлт нөлөөлсөн бөгөөд хамгийн их орлогыг нэмэгдсэн орлогын албан татвараас олжээ. Төсөвт оруулсан орлогыг татварын төрлөөр илэрхийлбэл НӨАТ-27 хувь, аж ахуйн нэгжийн албан татвар 17 хувь, нийгмийн даатгалын шимтгэл хураамж 14 хувь, онцгой албан татвараас 12 хувийг бүрдүүлсэн байна. 2004 онд 100 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжид 30 хувь, иргэдийн 4.8 сая төгрөгөөс дээшхи орлогоос жилд 30 хувийн татвар авах болсон. Бүх төрлийн татварын хувьд хэмжээг 12 орныхтой харьцуулж үзэхэд харьцангуй бага байгаа гэж Сангийн сайд Н.Алтанхуяг тайлбарласан байна.

 

2004 онд нийгмийн хангамж, халамжийн салбарт 18.8 тэрбум, боловсролын салбарт 16.9, засаг захиргааны зардалд 11.6 тэрбум төгрөг зарсан байна. 1990 оноос хойш гадаадаас авсан зээлийн үндсэн өр болон хүүг төлж эхэлсэн учир ангилаагүй бусад зардал 19.9 тэрбум болжээ.

2005 онд хүүхдийн мөнгө болон өндөр настны тэтгэврийн зөрүүд 30-аад тэрбум төгрөг зарцуулах юм байна. Улсын хэмжээгээр 268 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд тэдний тэтгэвэрт 105.9 тэрбум төгрөг ногддог ажээ. Нийгмийн халамжийн бусад тэтгэмжид 396 тэрбум төгрөг зориулжээ. Төрийн албан хаагчдын дундаж цалин 85 мянган төгрөг байсан бол 2005 онд 10 мянгаар нэмэгдэх төлөвтэй.