Айвенхоу Майнзтай байгуулах гэрээг нарийвчлан судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан байна (2005.02.03)
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын "Айвенхоу Майнз" компанитай байгуулах "Тогтвортой байдлын гэрээ"-ний төслийн тухай мэдээллийг сонссон байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан энэ асуудлаар тусгай ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулах санал гаргасан нь дэмжигдсэн байна. Тэрбээр "Айвенхоу Майнз" төдийгүй 5-6 тэрбум тоннын коксждог нүүрсний нөөцтэй Таван толгойн орд газрын ашиглалтын байдалд мөн дүгнэлт хийлгэх хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
“Ардын эрх” сонинд /¹24/ мэдээлснээс үзэхэд, Зүүн хойд Азийн интеграцчлалд багтахад гол түшиц газар хэмээн тодорхойлж буй өмнөд хэсгийнхээ баялаг ордуудыг олон жилээр "Айвенхоу майнз"-ын мэдэлд өгөх нь хэр оновчтой вэ гэдэг дээр УИХ-ын гишүүд нэлээд болгоомжилж байгаа бололтой. Ийнхүү энэ асуудлыг нарийвчлан судлахаар өчигдөр УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод хамтарсан ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиранг томилсон байна. Энэ ажлын хэсэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумыг төмөр замтай холбох ажил хэрэгжих боломжтой эсэх, манай улсад ашигтайгаар тусах өөр ямар санал байна, сөрөг үр дагавар нь юу байх зэрэг асуудлыг судлана гэж тус сонинд мэдээлжээ.