"Улстөрийн намын тухай” болон “Олон нийтийн радио, телевизийн тухай” Монгол Улсын хуулиудад Ерөнхийлөгч хориг тавьсан бололтой (2005.02.15)
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Улстөрийн намын тухай” болон “Олон нийтийн радио, телевизийн тухай” Монгол Улсын хуулиудад хэсэгчилсэн хориг тавьсан бололтой.
Тухайлбал, “Улстөрийн намын тухай” хуулийн “...Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно”, мөн дээр дурдсан тохиолдолд тухайн “... намын өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, билэгдэл зэргийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн байгууллага аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хоирглоно” гэсэн заалтуудад хориг тавьсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн дөрөв дэх заалт буюу тус телевизээр нэвтрүүлэх “зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалтад лавтайяа хориг тавьсан бололтой. Энэ асуудлаар Монголын үндэсний телевиз болон арилжааны телевизийнхэн ихээхэн маргаан тэмцэлтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.