Хоёр хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнөөдөр дуусна (2005.02.15)

A- A A+
Хоёр хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнөөдөр дуусна (2005.02.15)

Хоёр хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнөөдөр дуусна (2005.02.15)

УИХ саяхан “Олон нийтийн радио, телевизийн тухай” болон “Улстөрийн намын тухай” гэсэн хоёр хуулийг арав хоногийн дотор баталсан билээ. Энэ хоёр хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй гэсэн сураг эдүгээ Монголын өдөр тутмын сонинуудын гол сэдэв болоод байна. УИХ-ын чуулган завсарлахгүй байгаа шалтгааныг ч зарим эх сурвалж үүнтэй холбож буй аж. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьбал УИХ энэ хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдэх учиртай. УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 25 нь хоригийг хүлээн авна хэмээн үзвэл хориг хүчин төгөлдөр болдог.

Үүнээс үүдэн нэн ялангуяа Монголын үндэсний радио, телевизийн хамт олон “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуульд Ерөнхийлөгч Н.Багабандийг хориг тавих вий гэдгээс илэрхий болгоомжилж, Монголын үндэсний телевиз, радио болон зарим сонин хэвлэлээр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн мэдээлэл явуулж байгаагийн зэрэгцээ тус байгууллагын уран бүтээлчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус бүрт нь хандан ил захидал илгээсэн байна. Тэдний хамгийн ихээр санаа тавьж буй асуудал нь уг хуульд заасан нийт нэвтрүүлгийн цагийн хоёр хувьд арилжааны реклам сурталчилгаа явуулах эрх юм. Ерөнхийлөгчид бичсэн ил захидалд дурдснаар тэд үүнийг “рекламны хориг” хэмээн нэрийдээд байгаа бололтой.

Эдгээр хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г.Баясгалангийн хэлэхдээ хуулиар Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавих эсэхээ шийддэг гэсэн бөгөөд энэ хугацаа өнөөдөр албан ёсоор дуусах юм байна.