Ерөнхийлөгч Н.Багабанди Улстөрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ (2005.05.16)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Багабанди Улстөрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ (2005.05.16)

Ерөнхийлөгч Н.Багабанди Улстөрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ (2005.05.16)

Ерөнхийлөгч Н.Багабанди өчигдөр зарим хуульд хориг тавьсан тухай бид мэдээлсэн. Энэхүү хоригийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Ерөнхийлөгч Н.Багабанди "Улс төрийн намын тухай" хуулинд тавьсан хоригтоо "Монгол Улсын Их Хурал 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан "Улс төрийн намын тухай" хуулийг судалж үзлээгээд дараахь хоригуудыг тавьсан байна.

1. "Улс төрийн намын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "олон түмнийг үймүүлэх", "шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам" зэрэг нэр томъёог хэрэглэсэн байх бөгөөд эдгээр нэр томъёоны агуулга, багтаамж тодорхой бус, хууль зүйн хувьд хэлбэржээгүй тул хуульд дэлгэрүүлэн тодорхойлж тайлбарлах шаардлагатай байна.

2.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Нам уйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" гэсэн нь улс төрийн намын дотоод асуудлыг хуульчилж, намын их хурлын хуулиар олгогдсон эрх хэмжээг зөрчсөн, Үндсэн хуульд заасан иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан шинжтэй байна.

З.Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Нам үүсэн байгуулагдаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож болох"-оор заасан нь улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, Үндсэн хуульд харшилж байна.

4.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6-д "Засаг захиргааны нэгж буюу аймгуудын гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр"-ийг нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримт бичигт хамааруулсан нь уг хуулийн 9 дүгээр зүйлсийн 1 дэх хэсэгт нам байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргах заалттай харьцуулан үзэхэд хэрэгжих боломжгүй төдийгүй Үндсэн хуульд заасан иргэдийн нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг хясан боогдуулсан шинжтэй байна.

5.Мөн хуулийн 15 дугаар зүйлд намыг зөвхөн нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болохоор заасан нь Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг, тухайн тохиолдолд намыг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах боломжийг орхигдуулсан байна.

8.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг нам үйл ажиллагаагаа зогсоож, өөр намтай нэгдсэн бол "намын гишүүдийн харъяалал" нь нэгтгэн авсан намд шилжихээр заасан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх нь сайн дурын байх Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна.

7.Мөн хуулийн 19 дүгээр зүйлд улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан нь нам, төрийн үйл ажиллагааг зааглах хуулийн үзэл баримтлалд харшлах төдийгүй иргэний нийгмийн төлөвшилд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Аливаа улс төрийн нам нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллахыг эрмэлзэх нь зүйтэй гэж үзэж байна.

8.Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүх намын үйл ажиллагаанд хяналт тавихаар, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүх намыг тараах, шийдвэр гаргахаар тус тус заасан нь шүүхээс улс төрийн намын дотоод асуудалд хутгалдан орж, улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулахад хүргэж, улмаар шүүхийн хараат бус бие даасан байдлыг нь алдагдуулж болзошгүй байна.

Эдгээр үндэслэлүүдийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталж, 2 дугаар сарын 4-ний өдрийн 19.00 цагт ёсчлон ирүүлсэн "Улс төрийн намын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3.6 дахь заалт, 15 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус хориг тавьж байна" гэжээ.