Ерөнхийлөгч Н.Багабанди мөн "Олон нийтийн радио телевизийн тухай" хуулинд хэсэгчилсэн хориг тавьсан. Уг хоригт дурдахдаа:
"1.Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт сувгийг олон нийтийн радио телевизэд Радио долгионы тухай хуулийн дагуу төлбөртэйгээр ашиглуулж болохоор заасан нь тухайн сувгийг ямар зориулалтаар ашиглах нь тодорхой бус байна. Иймд уг сувгийг арилжааны чиглэлээр бус, танин мэдэхүйн гэх мэт олон нийтийн радио телевизийн үндсэн зорилгод нийцсэн зориулалтаар ашиглах тохиолдолд зөвшөөрч болохоор тодруулан хуульчлах нь зүйтэй юм.2.Мөн хуулийн 17 дугаар зүйлд олон нийтийн радио телевизийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь "зар сурталчилгаанаас олсон орлого" байхаар хуульчлан зааж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт олон нийтийн радио телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт олон нийтийн радио телевизийг "ашгийн төлөө бус хуулийн этгээд" хэмээн тодорхойлсонтой зөрчилдөж, Монголын ард түмэнд үйлчлэх эрхэм зорилготой нь харшилна гэж үзэж байна.
Дээрх заалт нь мэдээллийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, бусад хэвшлийн телевизүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах, хөгжих эдийн засгийн бололцоо нөхцлийг хааж, улмаар иргэдийн олон ургальч мэдээлэл авах, сонголт хийх эрхийг хөсөрдүүлж болзошгүй гэсэн мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг ч анхаарч үзэх нь зүйтэй юм.
Харин нийгмийн зар сурталчилгааг олон нийтийн радио телевизээр үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр тусгах шаардлагатай гэж үзэж байна.
З.Мөн хуулийн 21 дүгээр зүйлд олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2 хүн, Монгол Улсын Их Хурал 4 хүн, Монгол Улсын Засгийн газар 2 хүн, хуулиар үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь тодорхойлогдсон төрийн бус
байгууллагууд зөвшилцөх замаар 9 хүнийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг Үндэсний зөвлөл баталгаажуулахаар тусгасан нь нэгдүгээрт, төрийн институцийн тэгш бус төлөөллийг бий болгосон; хоёрдугаарт, эмэгтэйчүүд, хүүхдийн зэрэг нийгмийн голлох бүлгүүдийн болон нутаг дэвсгэрийн төлөөллийг орхигдуулсан; гуравдугаарт, төрийн бус байгууллагуудаас хүмүүсийг сонгох механизм нь туйлын бүрхэг, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй; дөрөвдүгээрт, сонгогдсон хүмүүс мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хэрхэн тогтоох, Үндэсний зөвлөл өөрийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах нь зохимжгүй, механизм нь ойлгомжгүй, баталгаажуулахаас татгалзсан тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан үндэслэлийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр баталж, 2 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 45 минутад ёсчлон ирүүлсэн "Олон нийтийн радио телевизийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, 21 дүгээр зүйлд тус тус хориг тавьж байна" гэсэн байна.
Мөн Монгол Улсын Их Хурал 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан "Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай» хуулинд хориг тавьсан байна. Уг хоиргт дурдахдаа:
Уг хуулиар Радио, телевизиин хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа төрийн өмчид үлдээснээс бусад 5,521,063,029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг олон нийтийн телевизийн өмчлөлд шилжүүлсэн нь "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 30 дугаар зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх талаар заасан журамтай зөрчилдөж байна. Түүнчлэн олон нийтийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулаагүй байгааг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Дээрх үндэслэлийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталж, 2 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 45 минутад ёсчлон ирүүлсэн "Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" хуупьд бүхэлд нь хориг тавьж байна" хэмээжээ.