МАХН-ын бүлэг зарим хоригийг хүлээн авах зүйтэй гэж үзсэн аж (2005.02.17)
«Улстөрийн намын тухай» болон «Олон нийтийн радио, телевизийн тухай» хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх талаар УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдан авч хэлэлцсэн байна.
«Зууны мэдээ» сонинд мэдээлснээс үзэхэд, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн тухайн өдрийн нийт нэвтрүүлгийн цагийн хоёр хувьд нь зар сурталчилгаа явуулахаар хуульд заасан нь тус байгууллагыг ашгийн төлөө бус гэж тодорхойлсонтой зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр тавьсан хоригийг УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд хэлэлцээд хуульд, "арилжааны болон далд зар сурталчилгаа явуулахыг хориглоно» гэсэн заалт оруулж, үүнийг 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ажээ.
Тэрчлэн олон нийтийн радио телевизийн удирдах зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгч хоёр, УИХ дөрөв, Засгийн газар хоёр хүн, төрийн бус байгууллагууд есөн хүнийг нэр дэвшүүлж сонгохоор заасныг төрийн институцийн тэгш бус төлөөллийг бий болгоно хэмээн Ерөнхийлөгч хориг тавьсанд Ерөнхийлөгч дөрөв, УИХ долоо, Засгийн газар долоон хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Харин төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг бүлгийн гишүүд хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдсэн бололтой.
Тэрчлэн Батлан хамгаалахын болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд нарыг огцруулах тухай Ерөнхий сайдын саналыг МАХН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хүлээн авч огцруулах нь зүйтэй гэж үзжээ.