Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа:
"Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны хоёрдугаар сарын 18-наас ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс гадаадад хэд хоног амрах юм. Гэтэл УИХ-ыг хоёрдугаар сарын 18-ны үдэш гэнэт зарлан хуралдуулж, Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэх болжээ.
Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах Ерөнхий сайдын саналтай Ерөнхийлөгч танилцаад тэднийг огцруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж энэ тухайгаа УИХ-д урьд нь мэдэгдсэн билээ. Нөхцөл байдалд өөрчлөлт ороогүй байхад уг асуудлыг дахин хөндөж, Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлаар зөвшилцөх нь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчихөд хүргэнэ гэж үзэж, ийм үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Ерөнхийлөгчийг олох гэж ихээхэн эрэл сурал болсон тухай сүржигнэн ярьж олон түмнийг үймүүлсэн байна. Тэр ч байтугай өргөөндөө ажиллаж, амарч байгаа Ерөнхийлөгчийг Тагнуулын байгууллагаар эрэн хайлгасан нь дэндүү эрээ цээрээ алдсан, хууль бус болчимгүй үйлдэл мөн.
Түүнчлэн дээрх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга байсаар байтал дэд дарга нь яаран сандран даргалан хуралдуулсан нь ойлгомжгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хууль ёсоо дээдлэн сахих нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдгийг дахин анхааруулж байна. Хоосон улстөржиж, сүржигнэн хөөрцөглөх бус ядарч зовсон хүн ардынхаа төлөө бодитой тодорхой ажил хийх нь чухал байна.