Оюу толгойг сонирхогчид олон болжээ

A- A A+
Оюу толгойг сонирхогчид олон болжээ

Оюу толгойг сонирхогчид олон болжээ

"Айвенхоу Майнз" компанийн Монголын өмнийн говьд байгуулж байгаа зэс, алтны уурхай 2007 онд нээгдэнэ. Ингэснээр дэлхийд тавд орох бас нэгэн томоохон үйлдвэр бий болох нь. Энэ мэдээлэл олон орны хэвлэл мэдээллээр цацагдсаар байна. Үүнтэй зэрэгцэн Монголын говийг нефтиэр баян Саудын Арабтай ч зүйрлэх болов. Үүнээс гадна ганц "Айвенхоу Майнз" ч бус Хятадын зэсийн нэгдүгээр компани, мөн БНСУ, Японы тал Оюу толгойг сонирхож эхэлснийг дэлхийн эдийн засаг, санхүүгийн тэргүүлэх хэвлэлүүд болох "Нью-Йорк таймс" болон "Файнэшнл таймс" сонинууд саяхан мэдээллээ гэсэн удиртгалтай “Оюу толгойг сонирхогчид олон болжээ” гэсэн гарчигтай дэлгэрэнгүй мэдээ “Өдрийн сонин”-ы энэ оны 47 дугаарт /2005-02-22/ нийтлэгдсэн байна. Б.Болдын бичсэн энэ материалыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Оюу толгой биднийг хаашаа хөтлөх бол?

"Айвенхоу"-гийн говь нутагт цогцлоож буй уурхай Монголын уул уурхайн салбарыг дэлхийн тавцанд гаргаж байна гэсэн үг дээрх сенсаац мэдээллүүдийг дагалдах болсон. Энэ мэдээллийн цаана олон юм оршиж байх шиг. Одоо мэдээллээ "шалгая". Ер нь "Айвенхоу" зүтгэж, олон орны компаниуд сонирхоод байгаа Оюу толгой хэр баян вэ?

Ноён Роберт Фрийдландын гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагаар бол Оюу толгой жилдээ 500 мянган тонн зэс олборлох нь. Олборлох үйлдвэр ашиглалтад орсноор тэр шүү. Түүний хэлснээр Оюу толгойд нийт 11 газар малтмал хийснээр эндхийн нийт баялгийг 60 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж байх юм.

 

Манай улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз"-ын зорилго говь нутагт эдийн засгийн хөдөлгөгч хүч болох орчин үеийн, дэлхийд томд тооцогдох уулын үйлдвэрийг байгуулахад нэгдэн нийлж байгаа. Энэ үүднээс хоёр тал хоёул хожих, хэн хэндээ ашигтай нөхцөлөөр "Тогтвортой байдлын гэрээ"-г байгуулжээ. /Порталын тайлбар:Хараахан энэ гэрээг үзэглээгүй байгаа, зохиогч андуурсан бололтой/. Тэрхүү гэрээний үндсэн зорилт нь "Айвенхоу Майнз"-ын хувьд бол бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг шийдэх боломжийг олгож харин манай Засгийн газрын хувьд 15 жилийн хугацаанд татвар, үйл ажиллагааны тогтвортой орчноор хангах үүрэг хүлээх аж. "Айвенхоу Майнз"-ын төслөөр бол тэд ус, эрчим хүчний хангамж, зам тээвэр зэрэг дэд бүтцийг бүрдүүлж уурхай байгуулах, мөн байгаль орчны талаархи асуудлыг баталгаажуулах юм байна. Гэтэл сүүлийн үед “Тогтвортой байдлын гэрээ” зарим зүйлийг хангахгүй байна гэсэн яриа гарах болсон. Юуг хангахгүй байна вэ гэхээр Айвенхоу майнз" энд өөрсдийгөө Монгол Улсын хуульд зааснаас илүү татварын ямар нэг хөнгөлөлт эдлэхгүй юм байна гэжээ. Мөн байгаль орчин, тээврийн асуудлын талаар Монгол Улсын өнөөгийн хуулиас гадуур онцгой таатай нөхцөлийг олгоогүй гэсэн байх юм. Ингэхдээ "Айвенхоу майнз" уурхайн үйлдвэрийн эхний шатны ажил эхэлтэл цахилгаан дамжуулах найдвартай системийг Монголын Засгийн газраас хүсч хэрвээ энэ нь доголдолтой юмуу, түгээгдэх боломжгүй нөхцөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ноос найдвартай хангамжийн эрчим хүч авах нь зөв арга юм байна хэмээн үзэж буй бололтой.

Өнөөдөр Монголд 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа "Бороо гоулд"-ын канадчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг үйлдвэр, ордыг нь очиж үзэхэд ямар нэг хүсэлт тавиагүй нь ажил жигдэрснийх болов уу. Харин "Айвенхоу майнз" ийнхүү хүсэлт тавьж байгааг ажлаа дөнгөж эхлэх гэж байгаатай нь холбон үзэхээс аргагүй. Ийнхүү “гомдол” хаана хаанаа байх шиг. Гэсэн хэдий ч "Тогтвортой байдлын гэрээ"-г байгуулахыг хэн хэн нь хүсч байна, Энэ нь Монголын талд ч бас чиг юм өгнө.

Оюу толгой Монгол Улсад юу өгөх вэ?

Олборлох үйлдвэр нээгдсэнээр ДНБ-ийг 2-3 дахин нэмэгдүүлнэ. Говьд эрчим хүч, авто зам, цаашлаад төмөр зам зэрэг дэд бүтэц бий болно. Уул уурхай, олборлох үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улмаар бусад салбарын хөгжилд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн загварыг бий болгоно гэцгээж байна. Тийм л болоосой билээ. Ийнхүү Оюу толгой Монголд ашигтай юу гэвэл цаг үеийг нь олж зөв зохистой ашиглаж чадваас улс орны хөгжилд түлхэц нэмэр болох нь дамжиггүй. "Эрдэнэт" үйлдвэрээс ч илүү ач холбогдол, давуу байдлаараа ашигтай хэмээн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч нөгөө талаар дахин нөхөгдөхгүй байгалийн баялгаа тэр бүр авъя гэсэнд нь өгч үр ашиггүй ашиглуулахыг хэн бодох билээ дээ. Тэгэхээр үүцээ задлахад учир бас байна.

Оюу толгой дээр "Айвен-хоу Майнз"-ынхны тавьж буй татварын хөнгөлөлт, найдвартай эрчим хүч хүргэх зэрэг хүсэлтийг хүлээн авахдаа бид мөн дэлхийд томд орох тус компанийг үүцийг маань задлаад үлдээгээд хаяад явчихгүй байхыг зэрэгцэн шаардах ёстойг мэргэжилтнүүд сануулж байна. "Эрдэнэт" шиг ашиглаад явбал бас чиг болж байна гэцгээж байна. Учир нь Оюу толгой "Эрдэнэт"-ийг бодвол илүү таатай нөхцөл олонтой аж. Тухайлбал, "Эрдэнэт"-ийг бодвол энд 100 гаруйхан км-т орших эрдсээр өлсгөлөн Хятадын том зах зээл, хэрэглэгч байна. Цаашлаад хоёр гурав алхвал электрон болон машин үйдвэрлэлээр хахаж буй Зүүн өмнөд Ази, дээшлээд Солонгос, Японы том зах зээл, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид хүлээгээд зогсч байна. Тиймээс ч өнөөдөр Оюу толгойг хамтарч дэмжээд ашиглая гэдгээ өмнөд хөршийн Хятадын зэсийн хамгийн том компаниас эхлээд Япон, Солонгосынхон илэрхийлээд байгааг гадаадын хэвлэлүүд бичсээр байна. Энэ утгаар бидэнд өнөө маргаашаа ч харах, мөн ойрын ирээдүйгээ ч бодох юм байна.

"Айвенхоу Майнз"-ын Оюу толгойд барих гэж байгаа дэлхийд томд орох үйлдвэр өртөг зардал өндөртэй нь мэдээж. Гэхдээ Монгол Улсад өнөөдөр гэхэд татвар хэрэгтэй, маргааш гэхэд хөгшчүүлдээ тавих тэтгэвэр, төсвийнхөндөө өгөх цалин хэрэгтэй, нөгөөдрийг бодвол мөн бидэнд үлдэх менежмент, ноу хау, шинэ техник технологи, хөрөнгө оруулалт, боловсон хүчин гээд олон зүйл шаардлагатай байна. Үүнийг л Монгол Улсын Засгийн газар бодолцоосой билээ. /”Өдрийн сонин” ¹047,048, 2005-02-22/