"Айвенхоу майнз"-тай байгуулах Тогтвортой байдлын гэрээний хувьд эрчим хүчний асуудал нэлээд түвэгтэй байдалд байгаа аж (2005.02.24)
УИХ дахь МАХН-ын бүлэг 2005 оны хоёрдугаар сарын 22-нд хуралдаж, "Айвенхоу майнз" компанитай байгуулах Тогтвортой байдлын гэрээний талаар хэлэлцжээ. Засгийн газар гэрээний төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ тажлын явцын талаар УИХ дахь МАХН-ын бүлэгт танилцуулсан юм гэж “Өдрийн сонин” мэдээлжээ.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлэхдээ, Тогтвортой байдлын гэрээгээр Засгийн газраас "Айвенхоу майнз" болон бусад хөрөнгө оруулагчдад онцгой эрх, нөхцөл олгох гээд байгаа юм биш. Холбогдох хуулиудын заалтуудыг л тэр чигээр нь тус гэрээнд тусгана гэжээ. Гэхдээ түүний хэлснээс үзэхэд "Айвенхоу майнз"-тай байгуулах Тогтвортой байдлын гэрээний хувьд эрчим хүчний асуудал нэлээд түвэгтэй байдалд байгаа аж.
Уг гэрээг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар "Бид "Айвенхоу майнз"-тай байгуулах гэрээнд үндсэн гурван зарчим буюу одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд гэрээг хийх, салбарын яамдын саналыг тусгах, эцэст нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалах гэсэн зарчмыг баримталж байна. Харин "Айвенхоу майнз" компанийн хувьд цаашид хийх хөрөнгө оруулалтаасаа шалтгаалан нэлээд хэмжээний хөнгөлөлт эдлэхийг хүсч байсан хэмээн мэдэгджээ.Тус сонинд мэдээлснээс үзвэл эрчим хүчний асуудал дээр хоёр тал тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ. "Айвенхоу майнз"-ыг Монголоос эрчим хүчээр хангах санал тавьсан талаарТүлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү тодруулж хэлэхдээ "Бид "Айвенхоу майнз"-ыг эрчим хүчээр хангах бололцоотой гэж үзсэн. "Айвенхоу майнз"-ыг Монголын талаас эрчим хүчээр хангавал төвийн эрчим хүч системээрээ сайжирна. Эрчим хүчний үнэ буурна. Гэвч "Айвенхоу майнз" хүлээж авахгүй байгаа” хэмээн мэдэгджээ. Тус компанийн хувьд Өвөрмонголоос эрчим хүч татах сонирхолтой байгаа юм байна. "Айвенхоу майнз"-ынхны хэлж байгаагаар Өвөрмонголоос 300 км урттай шугам татна гэж байгаа. Бидний хувьд тэдэнд Өвөрмонголоос 300 км-ээс татах, Улаанбаатараас 580 км-ээс татах хоёр адил гэж хэлж байгаа" гэж сайд Т.Очирхүү мэдээлсэн байна.