2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон шинэ парламентын анхны чуулган өнгөрсөн баасан гаригт завсарласантай холбогдуулан тус чуулганы онцлог, үр дүнгийн талаар УИХ-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. УИХ намрын чуулганыхаа хугацаанд 63 хууль, 40 тогтоол батлан гаргасан байна. УИХ-ын чуулган ажлын 50 хоног хуралдах ёстой байтал удаагийн чуулган ажлын 100 гаруй хоног хуралджээ.
Намрын чуулганы хамгийн гол онцлог бол зөвшилцөл гэж УИХ-ын дарга Н.Энхбаяр үзэж байна. Сонгуулийн үр дүнд зөвшилцөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, хамтран ажиллахаас өөр арга зам бидэнд байгаагүй гэж тэрбээр мэдэгджээ. Түнийхээр хэлэлцэж баталсан хуулиудаас нь ард түмний хүсэн хүлээж байсан хууль бол Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль ажээ. Энэ хуулиудыг хамтарсан төр, засгаа байгуулсан үед шийдвэрлэлээ гэж Н.Энхбаяр тэмдэглэн хэлсэн байна.
Тэрчлэн ноён Н.Энхбаяр хэлэхдээ, энэ Засгийн газар одоохондоо юм хийж амжаагүй байгаа учир алдаа гаргаагүй байна. Мэдээж алдаа гаргавал Засгийн газрыг огцруулна хэмээн мэдэгдлээ хэмээн «ММ» сонин /¹039, 2005-03-01/ мэдээлсэн байна. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард байгуулагдсан тул 2004 оны эдийн засгийн өсөлт 10.6 хувьтай гарсан нь өөрийн тэргүүлсэн Засгийн газрын /2000-2004/ үр дүн гэж тэрбээр хэлжээ.
МАХН-ыг Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэж нэрээ солих гэж байгаа тухай яриа байгаа тухай асуултад тэрбээр МАХН-ын даргын хувьд хариулахдаа, «МАХН нэрээ солих асуудал аль ерээд оноос л эхлэн яригдаж байсан. Ардчилсан хөгжлийн нам гэдэг нэрийг би анх 1996 онд сонсч байсан.Энэ бол нууц биш. Товчлолоо үлдээгээд нэрээ солих нь зүйтэй гэсэн саналыг манай намын олон гишүүн ярьж байсан. Энэ бол яриа төдий болохоос эцэслэн шийдээд тогтсон юм байхгүй. Гэхдээ нэр солих нь гол биш, аливаа нам хариуцлагатай ажиллах нь чухал» гэжээ.