Эдийн засгийн эрх чөлөөний индекс

A- A A+
Эдийн засгийн эрх чөлөөний индекс


Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний индекс
-------------------------------------------------------------------------------------------------------

Олон улсын худалдаа, дэлхийн зах зээлд 1990 оноос нээлттэй оролцох болсноос хойшсүүлийн хоёр жил Монгол улсын хувьд олзуурхууштай жилүүд байлаа. Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх өнөөгийн хууль, эрхзүйн тогтолцоо, ДНБ-ий өсөлт, алт, зэс, газрын тос зэрэг эрдэс баялагийн олборлолт, мал аж ахуйн салбараас гарах уламжлалт бүтээгдэхүүний дахин сэргэлт, жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж, хөрш хоёр орны том зах зээлд ойр байдал, банк, банк бус санхүүгийн салбарын хөгжил, хувийн хэвшлийн хурдацтай өсөлт зэрэг хөгжлийн олон нааштай хүчин зүйл, үзүүлэлтээс үзвэл Монголын макро эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийг хөгжлийнхөө шатанд орлоо гэж үзэж байна. Нөгөө талаас, хүмүүс татварын оновчтой бус бодлого, баян ядуугийн асар их ялгаа, улам өссөөр байгаа ядуурлын өндөр түвшин, ялангуяа залуучуудын дунд их байгаа ажилгүйдэл, донор орнуудын тусламж, дэмжлэгээс хараат байдал, тэрчлэн, бараа, бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ зэрэг эдийн засгийн гадаад хүчин зүйлийн эсрэг дархлаа муутай байдал, өмч хувьчлалын үйл явцын удаашрал зэрэг асуудалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Цаашилбал, Монголд бизнесийн орчин “тун нөхөрсөг бус” бөгөөд элдэв дарамт , хязгаарлалт ихтэй гэдгийг нийтээрээ мэднэ.

Нээлттэй Нийгэм Форум эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчны байдалд баталгаатай дүн шинжилгээ хийж, үндэслэл сайтай үнэлгээ өгөх явдал зайлшгүй чухал бөгөөд эдийн засгийн эрх чөлөөний асуудал, түүнд холбогдох бүхий л хүчин зүйлийн талаар үнэн зөв мэдээлэл нэн шаардлагатай байна гэж үздэг. Макро түвшний хувьд бид дэлхийн зах зээлийн чухам хаана нь яваа, эдийн засгийн бодлого маань манай орны эдийн засгийн эрх чөлөөний байдалд хэрхэн нөлөөлж байна вэ гэх мэт асуултад хариулахын тулд ННФ дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшинг тогтоодог жишигтэй харьцуулж болохуйц өөрийн индексийг бий болгох, шаардлагатай мэдээллийг үндэсний хэмжээнд хэрэглэн уг индексийг тогтмол ашиглах, судалгаа, шинжилгээний дүн, мэдээллээр хангах зэрэг асуудлыг бодлогоор шийдвэрлэдэг болгох ажлыг эхлүүлэх санаачилга гаргаж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний байдалд шинжилгээ хийх, эдийн засгийн эрх чөлөөг хэмжих

Эдийн засгийн эрх чөлөөний хувьд Монгол Улс Heritage Foundation-аас эрхлэн гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний Индекс”-ийн 2004 оны тайланд хамрагдсан. Энэхүү индекс нь дэлхийн улс орнуудыг худалдааны бодлого, засгийн газрын санхүүгийн бодлогын нөлөө, эдийн засаг дахь засгийн газрын оролцоо, мөнгөний бодлого, капиталын урсгал ба гадаадын хөрөнгө оруулалт, банк санхүү, цалин хөлс, өмчийн эрх, зохицуулалт, албан бус зах зээл гэсэн 10 шалгуур үзүүлэлт дээр үндэслэн байр эзлүүлдэг.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн эрх чөлөөг хэмжих өөр нэг индексийг Fraser Institute боловсруулсан гаргадаг бөгөөд дэлхийн эдийн засгийн эрх чөлөө нэртэй энэхүү индекс нь тухайн улс эдийн засгийн эрх чөлөөг бодлого, институцийн хүрээнд ямар хэмжээнд дэмждэгийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, улс үндэстнүүд иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөө болох хувийн сонголт, сайн дурын чөлөөт солилцоо, өрсөлдөөнд оролцох эрх чөлөө болон хувийн өмчийн аюулгүй байдал зэрэг асуудалд хэрхэн ханддагийг тодорхойлдог. Дэлхийн хүн амын 91 хувийг төлөөлөх 123 орныг дээрх шалгуур үзүүлэлтийн дагуу байр эзлүүлэн индекс тогтооход дэлхийн 62 орны 62 судалгааны хүрээлэн оролцсон байна. Индексийн зорилго нь олонтаа мартагдаж, орхигддог эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт оруулах, эдийн засгийн эрх чөлөөний байдлыг хэмжиж тогтоох арга зам, аргачлалыг тодорхойлж, нийгэмд түүний бусад хүчин зүйлстэй хэрхэн холбогдох байдлыг судлах явдал юм.

Fraser Instituteнь дараахь таван салбарын цогц индексийг гаргаж авахын тулд 38 үндсэн болон дэд үзүүлэлтийг эдийн засгийн эрх чөлөөний байдлыг тодорхойлоход ашигладаг байна. Үүнд:

1. Засгийн газрын бүтэц, хэмжээ: зардал, татвар, аж ахуйн нэгжүүд

2. Хууль, эрхзүйн тогтолцоо, өмчийн эрх

3. Эрүүл мөнгө хүртэх боломж

4. Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө

5. Зээл, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн зохицуулалт

Харамсалтай нь Монгол улс Fraser Institute-ийн боловсруулдаг энэхүү индекст хамрагдаж амжаагүй байна. Онол, практикийн хувьд Монголын эдийн засгийн эрх чөлөөний ийм индексийг бий болгож, Монгол Улсыг Фрэйзер институцийн жагсаалтад оруулах нь Монголд хөрөнгө оруулах болон хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, байгууллага, улс орнуудад мэдээлэл түгээх үнэтэй эх сурвалжийг бий болгох зэрэг ач холбогдолтой үйл хэрэг болох юм. Хэрэв эдийн засгийн эрх чөлөөг эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гол хүчин зүйл гэж үзвэл энэ нь үндэсний хэмжээнд эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргах бодлого боловсруулагчдын үйл ажиллагаанд ихээхэн үнэ цэнэтэй мэдээлэл болж өгнө.

Цаашилбал, ийм шинжилгээ, судалгаа хийснээр бид бодлогын хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг дэмжих явдлыг өөрчлөн сайжруулах буюу тодруулбал зохих асуудлыг илрүүлэн гаргаж тавих боломжтой болно. Үүнд дүгнэлт хийж, ННФ-аас Фрэйзеринституци болон олон улсын бусад байгууллагатай хамтран Монголын эдийн засгийн эрх чөлөөгтогтоон судалж, үнэлгээ өгөх ажлыг хийхээр хүчин чармайлт гаргаж байна.

Арга зүйн хувьд уг институци нь индексийг тооцоходоо жил бүр хэвлэн нийтэлдэг Global Competitiveness report (GCR), International Country Risk guide тайлангуудаас холбогдох үзүүлэлт, мэдээллийг авч ашигладаг.Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумын Global Competitiveness (GCR) тайланд энэ жилээс хамрагдах боломж бүрдэж байгаа нь бидэнд тохиож буй том завшаан юм. ННФ Дэлхийн эдийн засгийн форум-тай энэ чиглэлд хамтран ажиллах болно.

Эдийн засгийн эрх чөлөөг тодорхойлох, индекс тооцох үндэсний хүчин чадлыг уг үйл ажиллагааны арга зүйд суралцах явцад бий болгоно. Тэрчлэн эдийн засгийн эрх чөлөөний индекстэй холбоотой баримт, мэдээлэл цуглуулах судалгаа, шинжилгээний ажил болон цуврал хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулна.

Эдийн засгийн чөлөөт байдлын индекс танилцуулга, ярилцлага

Дэлхийн Эдийн засгийн Эрх чөлөөний Индексийн үр нөлөө
Жеймс Д.Гуартний, илтгэгч
Роберт А. Лоусон, хамтран зохиогч

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн алдаа дутагдлууд
Стефан М.И. Карлссон

Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө
2005 оны жилийн тайлан

"Олон улсын өрсөлдөх чадварын индекст Монгол Улсын эзлэх байр" сэдэвт уулзалт ярилцлага (2005.10.13)

Дэлхийн Эдийн Засгийн Форум
Эдийн Засгийн Өрсөлдөх Чадварын Тайлан 2005 он
Executive Opinion Survey [PPT]

Олон улсын өрсөлдөх чадварын тайлан ба Монгол улсын эзэлсэн байрын үнэлгээ
Керри Жэгги, Эмма Лоэдес Дэлхийн Эдийн засгийн Форум [PPT]

Нийтлэл : Эдийн засгийн эрх чөлөө

Нийтлэл : Эдийн засгийн эрх чөлөө: Эрүүл мөнгө хүртэх боломж

Нийтлэл : Олон Улсын худалдаанд оролцох эрх чөлөө

Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийн судалгаа: Олон улсын худалдаа (Хэлэлцүүлгийн тэмдэглэл)               [HTML]           [PDF]

Дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Монгол 92 дугаар байранд жагссан байна (2006.10.05)

2006 оны 10 дугаар сарын 5, Швейцарийн Женев хот – Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2006-2007-д дурдснаар дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засаг бүхий орнуудаар Швейцарь, Финлянд, Швед улсууд тодорсон байна. Харин Америкийн Нэгдсэн Улс нэгдүгээр байраас зургадугаар байр хүртэл ухарсан нь хамгийн анхаарал татам томоохон ухралт болжээ ... Дэлгэрэнгvй>>

Монгол Улс : Гол үзүүлэлтүүд (PDF)