Дэд сайд С.Мэндсайхан: Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос найдвартай хангах боломжтой (2005.03.10)
Түлш, эрчим хүчний дэд сайд С.Мэндсайхан “Айвенхоу Майнз” компани Монголын эрчим хүчний эх үүсвэрийг найдваргүй хэмээн мэдэгдсэн талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Оюу толгой бол эрчим хүчний маш том хэрэглэгч. Үүнийг алдахгүй байх нь Монголын эрх ашигтай хобоотой асуудал” хэмээн мэдэгдсэн байна. “Зууны мэдээ” сонинд өгсөн түүний ярилцлагаас үзвэл /¹55, 2005-03-10/ Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос найдвартай хангах боломжтой аж. Үүний тулд Дөрөвдүгээр цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад л хангалттай гэж тэрбээр үзэж байна.
Гэхдээ тэрбээр эрчим хүчний шинэ эх үүсвэр барих асуудлыг ч мөн үгүсгээгүй байна. “Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс эрчим хүчний найдвартай эх байдлыг хангах шаардлага тавьж байгаа. Энэ тал дээр бид 100 хувийн баталгаа өгч чадахгүй ч тус үйлдвэр ашиглалтад ортол бидэнд хугацаа байна. Тийм болохоор бид шинэ эх үүсвэр барих замаар ч юмуу Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой” гэж дэд сайд С.Мэндсайхан хэлээд энэ чиглэлээр ажиллаж байна, асуудлыг шийдэж чадна хэмээн мэдэгджээ.