Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр бараалхан УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн сонгуулийн нэгдсэн дүнг танилцуулж өргөн барьсан байна.
"Өнгөрсөн оны зургадугаар сарын 27-ны өдөр 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт хураасан саналыг УИХ-ын сонгуулийн холбогдох заалтыг үндэслэн хүчингүйд тооцсон. Иймд тус хэсгийн хороонд 2005 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин санал хураалт явуулав. Уг санал хураалтад 18 дугаар хэсгийн нийт 4300 гаруй сонгогчдоос 1990 хүн буюу 45.63 хувь нь оролцож МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа дийлэнх олонхийн санал авч УИХ-д сонгогдлоо" хэмээн СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн танилцуулжээ.
Мөн өдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсурэн УИХ-ын сонгуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн ес дэх заалтыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдсон Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг УИХ-ын дарга Н.Энхбаярт өргөн мэдүүлсэн байна.