УИХ-ын ээлжит бус чуулган баасан гаригт хуралдах бололтой (2005.03.16)
УИХ-ын ээлжит бус чуулган энэ баасан гаригт буюу гуравдугаар сарын 18-нд хуралдаж, огцорсон хоёр сайдын орны хүмүүсийг томилох болон 59 дүгээр тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Гүррагчааг тангараг өргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ хэмээн зарим өдөр тутмын сонин мэдээлжээ. Энэ мэдээллийг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан мөн үгүйсгээгүй байна. Тэрбээр “АЭ” сонины өнөөдрийн дугаарт /¹53/ тодруулга өгөхдөө, Засгийн газрын гишүүнийг томилох хуульд заасан хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусна. Засгийн газар хоёр сайдыг томилох асуудлаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирвэл ээлжит бус хуралдаан хийнэ хэмээн хэлсэн байна. Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх боломж хэр байгааг УИХ-ын Тамгын газраас тодруулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх магадлалтай байгаа ажээ.