Уул уурхайн нөхөн сэргээлт хангалтгүй байна (2005.03.17)
2004 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын 114 мянган га талбайг ашиглалт, 48214 мянган га талбайд хайгуулын чиглэлээр ажиллах эрх олгожээ. Гэтэл малталтад өртсөн газар нутгийн хориодхон хувьд нөхөн сэргээлт хийсэн байгаа тун хангалтгүй юм гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын /УМХГ/ Байгаль орчны хяналтын хэлтсээс /БОХХ/ гуравдугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн байна. Тус газраас хийсэн шалгалтаар сэргээгдсэн газрын ихэнхийг зүгээр л булаад орхисон, багахан хэсэг буюу 162 га талбайд ургамал тарьсан байжээ. Шалгалтаар "Монголросцветмет", "Алтан дорнод", "Монгол газар", "Золотая Виктория" болон "Шударга андууд", "Дөл ямаахай" ХХК-ууд нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үнэлгээ авсан байна.
«Өдрийн сонин»-д /¹067/ мэдээлснээс үзэхэд энэ оны хоёрдугаар сарын сүүлчээс энэ сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд УМХГ-ын БОХХ-ийн байцаагчид Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд уул уурхайн шалгалт хийсэн байна. Алтны үндсэн орд ашигладаг "Бороо гоулд", "Сонор трейд", "Түшиг интернэшнл" ХХК гэхчлэн 11 аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлийн байдлыг шалгажээ. Шалгалтаар Ли чи Юан захиралтай Сүсүгийн уурхай Төв аймгийн Жаргалант сумын Наран толгойн ордод мөнгөн ус ашиглаж байгаа нь нотлогджээ. Тэдний мөнгөн усны тээрэм ажиллуулдаг найман ширхэг моторыг хурааж, уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон гэж УМХГ хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.
Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар хамтран 2005 оныг "Уул уурхайн эдэлбэр газрыг нөхөн сэргээхэд тавих хяналтыг сайжруулах жил" болгон зарласан аж. "Газрын хэвлийн тухай хууль"-ийн хэрэгжилтэд орон нутгаас тавих хяналт, шалгалтын нэгдсэн удирдамж, уул уурхайг ашиглаж гүйцсэний дараа эргүүлж хэвэнд байлгахад чиглэгдсэн ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. Энэ нь байгаль орчныг хамгаалах хуулийн биелэлтийг хангах, бүх шатны Засаг дарга, байгаль орчны улсын байцаагчдын хариуцлагыг сайжруулах зорилгыг ч хангах учиртай аж. Тэрчлэн Мэргэжлийн хяналтын байгаль орчны байцаагчаар ахлуулсан комисс гарч үнэлэлт өгч байхаар болж байна.
Байгаль хамгаалах төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй, нөхөн сэргээлт хийлгүйгээр ухсан газраа орхисон аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг жил бүрийн арванхоёрдугаар сард УМХГ-ын Байгаль орчны хяналтын хэлтэст хүлээн авах юм байна. Ингэснээр олборлогч компаниудад газрын нөхөн сэргээлтийн тодорхой хугацаа өгч, шаардлага биелүүлээгүй тохиолдолд лицензийг нь цуцлах, эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авахаар болжээ.