Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ? (2005.03.21)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 23-нд албан ёсоор эхлэх гэж байна. Энэ сонгуульд парламентад суудалтай намуудаас нэр дэвшигчдийг тодруулахад 12 хоног үлдээд байгаа энэ үед аль намаас хэн нэр дэвших нь таамаг төдий байгаа ч чухамхүү сонин хэвлэлийн анхаарал татсан гол сэдэв энэ болоод байгаа юм.
Парламентад 37 суудалтай МАХН-ын хувьд гуравдугаар сарын сарын 26-27-нд Бага хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулах юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын Үндэсний телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо, манай намд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой боловсон хүчин хангалттай бий гэж мэдэгдээд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, С.Баяр, Ч.Улаан нарыг онцолсон байна. Харин тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын шадар сайд Ч.Улаан “ЗМ” сонинд өгсөн ярилцлагадаа, бид намынхаа даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ бол нэгдүгээр хувилбар хэмээн мэдэгдсэн байна. МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Идэвхтэн Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөр байгаа хүмүүсээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан нарыг нэрлэсэн байна.
Парламентад 25 суудалтай Ардчилсан нам өнгөрсөн баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийж, намын даргын маргаанаа эцэслэн шийдэж, тус намын даргаар Р.Гончигдоржийг сонгосон боловч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаа Үндэсний чуулган буюу Их хурлаараа энэ сарын 31-нд эцэслэн шийдэхээр тогтжээ. Ардчилсан намын дарга Р.Гончигдорж өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. Тус намын экс дарга, УИХ-ын гишүүн М.Энхсайхан "танай намын Их хурлын төлөөлөгчдөөс таныг нэр дэвшүүлбэл хүлээж авах уу?" гэсэн “ЗМ” сонины сурвалжлагчийн асуултад “би энэ асуултыг нээлттэй орхимоор байна” гэж хариулжээ.
Парламентад долоон суудалтай Эх орон намын хувьд Их хурал нь хэзээ болох нь тодорхойгүй байгаа боловч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатарын «ММ» сонины сурвалжлагчид ярьснаас үзвэл хуульд заасан хугацаанд болох ажээ. Эх орон намын тухайд зарим эх сурвалж мэдээлэхдээ, хэрэв Ардчилсан нам М.Энхсайханыг нэр дэвшүүлэхгүй бол түүнийг өөрийн намаас нэр дэвшүүлэх байх хэмээн таамаглаж байгаа юм. Гэхдээ тус намын дарга Б.Эрдэнэбат ч нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийн тоонд орж байгаа билээ.
Харин парламентад хоёр суудалтай ИЗ-БНН-ын Үндэсний хорооны хурал энэ сарын 28-нд болох бөгөөд энэ хурлаас шийднэ гэж ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам бие дааж нэр дэвшүүлэх биз хэмээн хэлснээс үзэхэд тус нам нэр дэвшүүлэх бололтой. Зарим сонинд мэдээлж буйгаар бол тус нам эмэгтэй нэр дэвшигч тодруулах магадлал байгаа аж.
Парламентад ганц суудалтай БНН-ын хувьд тус намын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан нэр дэвших бололтой. Тэрээр сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлсэн хэмээн өдөр тутмын сонингууд мэдээлж байгаа юм.