Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажил өнөөдөр эхэллээ (2005.03.23)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажил албан ёсоор өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн хэвлэл, мэдээллийнхэнд хандан ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ, энэ сонгууль Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, төрийн залгамж чанарыг хангах Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа болно. Иймд нийт сонгогчдод хандан тэрбээр сонгуулийн бэлтгэл ажилд дэм туслалцаа үзүүлэх, сонгуульд идэвхтэй оролцох, санал өгөхийг уриалжээ.
Сонгуулийн бүх шатны хорооны бүрэлдэхүүн болон дарга, нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүст Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийг сайтар судалж, хэлбэрэлтгүй мөрдөж, ил тод, голч, хэний ч хараат бус байр сууринаас сонгуулийн ажилд хариуцлагатай хандах, иргэд сонгогчдод тэгш үйлчлэхийг ноён Ж.Ядамсүрэн даалгасан байна. Улс даяар өрнөдөг, том цар хүрээ бүхий энэ ажилд бүх шатны Засаг дарга нар, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс, хэвлэл, мэдээллийн салбарын сэтгүүлч, сурвалжлагч нарыг хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй сахин, чин шударгаар өрсөлдөж, ажиллахыг уриалсан байна.