Сонгуулийн хуулийн төсөл ба УИХ-ын дэд даргын унагасан үг
УИХ-ын хаврын чуулганаар улстөрийн тогтолцооны гол хуулиудын нэг болох Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Үүнтэй холбогдуулан "Сонгуулийн тогтолцоо ба улс төрийн шинэчлэл" нэртэй ярилцлагыг С.Оюуны тэргүүлдэг ИЗ-БНН-аас санаачилан гуравдугаар сарын 22-нд хийлгэсэн байна. Дашрамд дурдахад хатагтай С.Оюун сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа юм. Ярилцлагад Эх орон намаас бусад УИХ-д суудалтай намууд, парламентын гаднах улстөрийн намуудын төлөөлөл оролцжээ.
Улстөрийн бүх хүчин Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа ч яаж өөрчлөх тал дээр нэгдсэн ойлголтгүй байна гэж энэ арга хэмжээг сурвалжлахдаа “АЭ” сонин дүгнэсэн байна. Тус сонинд мэдээлснээс үзвэл эл уулзалтыг зохион байгуулсан ИЗ-БНН-ынхны хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нийгмийн зөвшилцлийг хангасан хожлын гарц нь пропорциональ систем аж. УИХ-ын гишүүн тойргийнхоо сонгогчдын хүсэл зоригийг төлөөлөх бус, сонгуулийн сурталчилгаанд нь мөнгөн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгчдийнхээ төлөө үйлчилдэг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ байдлыг хязгаарлах хоёр арга зам бий гэж ИЗ-БНН үзэж байна. Тус намын энэ байр суурийг улстөрийн үр дагаврыг нь таамаглахад бэрхтэй гэж зарим улстөрчид үзэж байгаа бололтой. Тэд аажимдаа пропорциональ системд шилжин орох зорилгоор холимог системийг тодорхой хугацаанд хэрэглэж болно хэмээн үзэж байгаа ажээ.
Харин энэ ярилцлагад оролцсон Монголын улстөрийн хамгийн нөлөө бүхий хоёр гол хүчний төлөөлөл болох МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Ардчилсан намын дарга Р.Гончигдорж нар сонгуулийн хуулийн талаарх намынхаа байр суурийг хараахан тодорхой болоогүй байна гэж тайлбарласан байна. Ер нь заавал шинэ хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, одоо мөрдөж буй хуулиа сайжруулан боловсронгуй болгох санал ч гарсан аж. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баярцогт ийм байр суурьтай байна. Түүнийхээр бол сонгуулийн кампани үргэлжлэх хугацааг багасгах, УИХ-ын гишүүн дахин нэр дэвшвэл давуу эрхийг нь хязгаарлах зэрэг өөрчлөлтүүдийг оруулбал хангалттай ажээ.
Юутай ч энэ хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлнэ гэсэн үгийг уг ярилцлага дээр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан унагасан байна.