Ерөнхийлөгчид нэр дэвших нэг, хоёр дахь хувилбарын тухай сураг ажиг (2005.03.25)

A- A A+
Ерөнхийлөгчид нэр дэвших нэг, хоёр дахь хувилбарын тухай сураг ажиг (2005.03.25)

Ерөнхийлөгчид нэр дэвших нэг, хоёр дахь хувилбарын тухай сураг ажиг (2005.03.25)

Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намуудаас нэр дэвшүүлэх хүнээ тодруулахад ердөө л найм хоног үлдээд байна. Нэр дэвшиж болох хүмүүсийн талаарх хэвлэлийн тандалт хэдийгээр газар авч байгаа ч үндсэндээ ийм боломжийг илэрхий агуулж чадах лидерийн тоо гарын арав ч биш таван хуруунд багтахаар байгаа . Иймд порталынхаа уншигч та бүхэнд зориулж Монголын өдөр тутмын сонин хэвлэлээр гарч байгаа мэдээллээс тоймлон хүргэе.

УИХ-д хамгийн олон суудалтай МАХН-ын хувьд нэр дэвших боломжтой хүний тоонд тус намын дарга Н.Энхбаярын нэрлэсэн Ч.Улаан, Д.Идэвхтэн, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын зэрэгцээ тэрбээр гарцаагүй өөрөө орж буй юм. Үүнийг тэр өөрөө биш ч намын бусад лидер нь аль эрт “нэгдүгээр хувилбар” хэмээн мэдэгдээд байгаа билээ. “Нэгдүгээр хувилбар”-ын талаар сонинууд юу бичиж байгааг сонирхуулбал, “Ардын Эрх” сонин /¹60, 2005-03-25/ өнөөдрийн дугаартаа Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой гэсэн өнгөөр Н.Энхбаярын зам “шулууджээ” гэсэн гарчигтай дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан байна. Гэхдээ түүнд Н.Энхбаярын тухай гэхээсээ илүү түүнийг нэр дэвшүүлэхээр Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий фракц болох Алтан гадасынхан хэрхэн ажиллаж буй талаар өгүүлсэн байх юм. Түүнд дурдахдаа, “ УИХ дахь МАХН-ын бүлэгт дагаар орогсдын нэг Ч.Содномцэрэн нэр дэвших бодит хувилбар болоод байна. Өчигдөр Алтан гадас фракцынхан хуралдсан байна. Түүгээр Дорлигжавыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх тухай үндсэндээ тохиролцжээ. Мэдээж Н.Энхбаярын хувьд бол Ч.Содномцэрэн байтугай Д.Дорлигжав ч “зөөлөн хоол” билээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зөвшилцлийн хэлбэрээр явагдах нь гарцаагүй боллоо” гэжээ. Нэгдүгээр хувилбарын тухай хэвлэлийн таамагтай зэрэгцэн өчигдөр буюу сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлснээс хойш нэг өдөр өнгөрсний дараа Монголын Үндэсний телевизээр ноён Энхбаяртай хийсэн ярилцлага хэлбэртэй “Замд гаръя” хэмээх нэлээд сайн бэлтгэсэн хөрөг нэвтрүүлэг гарлаа.

“АЭ” сонин мөн дугаартаа “МАХН-ын Бага хурлаас санаанд оромгүй хүний нэр дэвшиж магадгүй” гээд тэр хүнээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг нэрлэсэн байна. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Өдрийн сонины /¹074/ бас л өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа, “Хүнд өөрийн хувь тавилан төөрөг, ирээдүйн тухай төсөөлөл гэж байдаг. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болох тийм одонд төрсөн хүн биш гэдгээ гарцаагүй мэдэж байна” гэж хэлснээс үзвэл энэ яриаг тэр эрс үгүйсгэж байна. Түүгээр ч зогсохгүй С.Баяр хэвлэлд бичиж байгаа зүйлийн тухайд “Таамгаар л бичиж байгаа зүйл” гээд МАХН хамаг байдгаа юу гэж гадагшаа дэлгээд байх вэ гэжээ. Гэхдээ тэр нэр дэвшүүлэх талаар намын удирдлагын хүрээнд мэдээж яригдсан гээд Ч.Улааныг ч юмуу, аль нэг өөр нэр дэвших магадлалтай хүнийг дарах, мандуулах ажиллагаа хийгдээгүй гэж мэдэгдсэн байна. Ч.Улааны тухайд бол тэр хэвлэлийнхний хувьд тус намын хоёр дахь хувилбарт тооцогдоод байгаа юм.

Ардчилсан намын тухайд бол энэ намын хамгийн их боломжтой гэх хоёр лидерийн нэг болох ноён Р.Гончигдорж өөрөө нэр дэвшихгүй гэж мэдэгдснээс хойш тус намын хувьд М.Энхсайхан “нэгдүгээр хувилбар” болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Тэгээд ч сүүлийн үед түүний талаарх сөрөг мэдээлэл эрс ихэссэн төдийгүй түүнийг зарим сонин хэвлэлээр нэг намыг эв нэгдэлтэй байлгаж зангидаж чадаагүй хүн Ерөнхийлөгч болж чадахгүй хэмээн бичиж байна. Тухайлбал “Зууны мэдээ” сонины энэ пүрэв гаригийн дугаарын “Багтай улстөр” хэмээх буланд /¹67/ “Нам, эвслээ тараасан М.Энхсайхан Ерөнхийлөгч байж чадах уу даа” гэсэн өгүүлэл гарчээ. Үүний зэрэгцээ түүнийг Ерөнхийлөгч болгохгүй гээд өөр нэр дэвшигчдийг Алтан гадас фракцийн тодруулах гэж байгаа мэтээр бас зарим хэвлэл хардаж байгаагийн зах зухаас дээр өгүүлсэн. Юутай ч Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүдийн нэг Э.Бат-Үүл “Өдрийн сонины” лхагва гаригийн /¹072/ дугаарт ярилцлага өгөхдөө, “Манай намын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх улстөр их эмзэг боллоо” хэмээн мэдэгдснээс үзвэл ирэх долоо хоногт болох тус намын Үндэсний чуулган ихээхэн хурц өрнөж магадгүй байна.

Эх орон намын хувьд нэг, хоёр дахь хувилбар нь хэн бэ гэдэг харьцангуй бүрхэг байна. М.Энхсайханыг нэр дэвшвэл дэмжиж магадгүй гэсэн таамаг байгаагийн зэрэгцээ намын дарга Б.Эрдэнэбатын нэр дуулдаж байгаа юм. Саяхнаас “Өнөөдөр”, “Ардын эрх” зэрэг сониноор түүнээс гадна өөр хэдэн хүний нэр гарах болов. Тухайлбал, Гадаад хэргийн сайд асан Ж.Гомбосүрэн, НҮБ, Женевт Монголыг төлөөлж байсан Элчин сайд С.Болд, Ж.Энхсайхан нарын дипломатч голдуу эрхмүүдийн нэрийг дурдаж эхэллээ. Гуравдугаар сарын 30-нд нэр дэвшигчээ тодруулна. Сонгуулийн явцад нэр дэвшигчээ татаж магадгүй гэсэн сураг бас байгаа юм.

Иргэний зориг-Бүгд Найрамдах Нам энэ өдрүүдэд таван жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баяртаа ихээхэн ач холбогдол өгч реклам сурталчилгаа явуулахаас гадна олон арга хэмжээ зохион байгуулж байгаагаас үзвэл сонгуулийн кампанит ажил нь эхэлсэн гэж дүгнэж болох талтай. Тэгээд ч тус намын нэр дэвшигч хамгийн түрүүнд тодорно. ИЗ-БНН-ын Үндэсний хорооны хурал энэ бүтэн сайн өдөр хуралдах юм. Тус намын Тамгын газрын дарга Ч.Базар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, эмэгтэй нэр дэвшигч гаргаж магадгүй гэсэн таамгийг нэг их үгүйсгэсэнгүй. Тэрчлэн энэ намаас 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн доктор Л.Дашнямыг нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд оруулсан байна.

Хэвлэлийн тандалтыг тоймловол нэг иймэрхүү. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт энэ бүх сураг ажигт хариу өгөх нь тодорхой.