МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшлээ (2005.03.31)
МАХН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг тодруулсан байна. МАХН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болсноо мэдэгдэж, Бага хуралд санал оруулсан аж. Улстөрийн намын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг намын их хурлаас нууц санал хураалтаар тодруулахад Н.Энхбаярыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Бага хурлын үеэр танхимаас Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлсэн боловч тэд өөрсдийнхөө саналаар нэрээ татжээ. Нэрээ татах болсон шалтгаанаа тэд “нэгд, улстөрийн ийм эгзэгтэй үед МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах учиртай. Ялахын тулд олон улсад нэр хүндтэй, нийгэмд танигдсан улс төрийн зүтгэлтнийг дэвшүүлэх ёстой. Тэр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Хоёрт, бид Удирдах зөвлөлөөрөө яриад намын даргаа нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдсэн учраас нэрээ татаж байна" гэж тайлбарласан хэмээн “Зууны мэдээ” /¹73,74/ сонин мэдээлжээ.
Бага хурлын хуралдаанаар улстөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тус намын даргын тавьсан илтгэлийг хэлэлцэж, УИХ-аас саяхан баталсан Улстөрийн намын тухай хуульд нийцүүлэн тус намын дүрэмд зарим өөрчлөлт хийсэн ажээ. МАХН-ын Их хурлыг ирэх зургадугаар сарын 16-18-нд хуралдуулахаар товлож, төлөөлөгчдийн тоог 1206-гаар тогтоосон гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. Энэ нь өмнөх хурлын төлөөлөгчдийн тооноос даруй хоёр дахин их ажээ.
Хурлыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг нар даргалан хуралдуулсан байна.