"Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат Ерөнхийлөгчид нэр дэвшив (2005.03.31)
"Эх орон" намын хоёрдугаар Их чуулган өчигдөр буюу товлосон өдрөө хуралдаж, "Эх орон” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Б.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлэхээр шийдсэн байна. Нууц санал хураалтаар Их чуулганы төлөөлөгчдийн 84 хувь нь Б.Эрдэнэбатыг дэмжсэн ажээ.
Өдөр тутмын сонинуудад мэдээлснээс үзвэл энэ хоёрдугаар Их чуулган нь нэлээн маргаантай, халуун уур амьсгалд өрнөсөн аж. Хурлын эхэнд намын дарга Б.Эрдэнэбат улстөрийн илтгэлдээ төр, засгийн бодлогод ихээхэн шүүмжлэлтэй хандсан бол харин Их чуулганы төлөөлөгчид намын удирдлагадаа шуүмжлэлттэй хандсан ажээ. Шүүмжлэлийн гол сэдэв нь намын анхан шатны байгууллагуудаа намын удирдах дээд байгууллага Улс төрийн зөвлөл болон Бага чуулган үл хайхардаг, тусалж дэмждэггүй тухай байсан бололтой. “Тус намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат илтгэлдээ эвсэл тарж, түүний үйл ажиллагаа бүдгэрсний бурууг нам дамжсан 61-ийн бүлэг болон МАХН-д тохож байсан бол Их хурлын төлөөлөгчид үүнийг тухайн үеийн болон өнөө ч өрнөж буй улс орны улстөрийн амьдралын уур амьсгал нөхцөл байдлыг сайн мэдэрч үүнтэй болон өөр нам, эвсэлтэй зохицож ажиллаж чадаагүй өөрийн намын удирдлагатайгаа илүү холбон тайлбарлаж байлаа” гэж “Өдрийн сонин” /¹079/ тэмдэглэсэн байна.
Намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталж Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн "Эх орон" намын II чуулганд хот, хөдөөгийн 384 төлөөлөгч оролцсон ажээ.