Энэ сарын 20-ноос сонгогчийн үнэмлэх олгож эхлэнэ (2005.04.12)

A- A A+
Энэ сарын 20-ноос сонгогчийн үнэмлэх олгож эхлэнэ (2005.04.12)

Энэ сарын 20-ноос сонгогчийн үнэмлэх олгож эхлэнэ (2005.04.12)

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн “Өнөөдөр” сонинд /¹086/ өгсөн ярилцлагадаа орон нутгаас ирж нийслэлд сурч байгаа оюутнууд нь тухайн оршин суугаа нутаг дэвсгэртээ бүртгүүлсэн, хаяг нь тодорхой, иргэний үнэмлэхтэй байвал сонгуульд ямар ч саадгүй оролцоно хэмээн мэдэгджээ. Гэтэл тэдний зарим нь энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг тул сонгох эрхээ эдэлж чаддаггүй гэнэ. Энэ удаа оюутнуудыг сонгуульд оролцуулах бэлтгэлийг хангахаар Монголын Оюутны холбоо ажиллаж байгаа аж.

Түүний хэлснээс үзвэл СЕХ сонгогчдын нэрийн жагсаалтын дагуу сонгогчийн үнэмлэх олгох ажлыг энэ сарын 20-ноос эхлэх гэж байна.

СЕХ-г огцруулах тухай зарим хөдөлгөөнөөс шаардаж буй талаар тэрбээр ярихдаа, тус хорооны бүрэлдэхүүнийг УИХ таван жилийн хугацаатай томилж, бүрэн эрхийг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Ямар нөхцөлд СЕХ-г огцруулна гэсэн заалт аль ч хуульд байхгүй гэжээ. СЕХ-ны одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийнх нь хугацаа 2006 оны хоёрдугаар сарын 1-нд дуусах юм байна. СЕХ-г өөрчлөх, томилох нь УИХ-ын бүрэн эрхийн, тойрог, нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь СЕХ-ны, хэсэг, хорооны бүрэлдэхүүнийг томилох нь тойрог, нутаг дэвсгэрийн хороодын бүрэн эрхийн асуудал ажээ.

СЕХ руу элдвээр дайрч буй нь ердөө л улс төр хийх гэсэн хэрэг гэж ноён Ж.Ядамсүрэн үзэж байна. Түүнийхээр сонгуулийг будилаантуулах, сонгуулийн дүнд нөлөөлөх талаар СЕХ ямар нэг юм хийх боломжгүй аж. УИХ 2002 онд 41 дүгээр тогтоол гаргаж Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг баталснаар СЕХ болон тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд аль нэг нам, эвсэл давамгайлахыг хязгаарласан. Мөн тус хорооны гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд намын харьяаллаасаа татгалздаг учиртай.