Жижиг, дунд үйлдвэрийг 2005-2010 хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулав (2005.04.13)

A- A A+
Жижиг, дунд үйлдвэрийг 2005-2010 хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулав (2005.04.13)

Жижиг, дунд үйлдвэрийг 2005-2010 хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулав (2005.04.13)

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэнээр 200 мянган ажлын байр нэмэгдэнэ хэмээн Үйлдвэр худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин өчигдөр Жижиг, дунд үйлдвэрийг (ЖДҮ) дэмжих хөтөлбөрөө сэтгүүлчдэд танилцуулахдаа мэдэгдсэн байна. Монголын найман аймаг, гурван хотод санал асуулга явуулсны үндсэн дээр хөтөлбөрийг боловсруулжээ. Чингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахыг хичээсэн гэж дэд сайд ярьжээ.

2005-2010 онд хэрэгжих энэ хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн тулд Татварын багц хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулинд өөрчлөлт оруулах, ЖДҮ-ийн тухай, лизингийн тухай зэрэг хуулийг шинээр санаачилах хэрэгтэй байгаа аж. Ц.Энхтүвшин сайдын ярьснаас үзвэл хууль дүрэмд өөрчлөлт оруулах болон "ЖДҮ-ийг дэмжих хөрөнгө оруулалт хөгжлийн сан" байгуулах, төрийн үйлчилгээний талаар санал гомдол хүлээж авах "Шуурхай үйлчилгээний цэг"-тэй болох зэрэг ажлыг 2006 он хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртал, дарамтыг арилгахын тулд саад тотгор бүхий лиценз, зөвшөөрөл, бүртгэлийг хүчингүй болгох, аж ахуйн нэгжийн банкин дахь дансыг зөвхөн УИХ-аар тогтоол гаргуулж шалгах, тухайн компанийн эзний зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгжид шалгалт явуулахыг хориглох, зарим шалгалтыг интернэтээр авах тогтолцоонд шилжинэ гэж Үйлдвэр, худалдааны яам тооцоолж байгаа аж. Мөн жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, хөрөнгө нэмж олохын тулд Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 25356 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 1-49 ажиллагсадтай аж ахуйн нэгж /олон улсын хөдөлмөрийн байгууллагын шалгуур үзүүлэлтээр жижиг, дунд үйлдвэр болох/ 96 хувийг эзэлдэг бөгөөд эдгээр нь аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын 12,5 хувийг бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрүүд 300 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байна. 1-8 хүртэл ажиллагсадтай жижиг үйлдвэр нийт жижиг, дунд үйлдвэрийн 83 хувийг эзэлж, улсын төсөвт 1,6 хувийн татвар төлдөг аж.