М.Энхсайхан: Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалах шинэ бодлого гаргах нь зүйтэй (2005.04.13)

A- A A+
М.Энхсайхан: Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалах шинэ бодлого гаргах нь зүйтэй (2005.04.13)

М.Энхсайхан: Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалах шинэ бодлого гаргах нь зүйтэй (2005.04.13)

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан хоёр өдөр Дорнод аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийгээд өнөөдрөөс Сүхбаатар аймагт ажиллахаар очсон хэмээн “Өдрийн сонин” мэдээлжээ. Тэрбээр Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ хэлсэн үгийг “Ардын эрх” сонинд /¹73/ нийтэлснээр толилуулж байна.

Монгол ах дүү нар аа

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшээд орон нутагт ажиллах анхныхаа томилолтоо наран ургах зүгээс, миний эцэг, өвгөдийн төрсөн нутаг Дорнод нутгаас эхэлж байна.

Нэлээд хэдэн жилийн өмнө Их бурхантыг сэргээж нээх ажиллагаанд миний бие Ерөнхий сайдын хувьд оролцож байсан минь тодхон санагдаж байна. Ерөнхий-лөгчид нэр дэвшинэ гэдэг нэн хариуцлагатай ажил. Ганцаараа дааж явахад амаргүй. Тиймээс энэ их ажлаа Их бурхантад даатган гуйх юмсан гэж бодсон боловч аль болох олон аймгаар орж, ард иргэдтэйгээ хүрч ажиллах үүднээс энэ удаагийн товч томилолтоор Их Бурхантдаа очиж чадахгүй болж байна. Гэсэн хэдий ч нутгийн минь Их Бурхант, ажилсаг ард түмэн минь намайг ивээн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Миний эцэг, өвгөдийн минь төрсөн нутаг Халх голын уужим тал хөндий. Энэ нутаг маань Монгол эх орны минь тусгаар тогтнолд нэрээ үлдээсэн нутаг. Монгол оронд наран мандахдаа хамгийн түрүүнд Их Бурхант буюу чулуун Жанрайсигтай мэндлэн золгоод түүний дээгүүр алтан шар туяагаа Монгол нутагт хайрласаар байдаг билээ. Энэ бол цаанаа л их учиртай.

XX зууны хүн төрөлхтний түүх маш ээдрээтэй байж дээ. Том нь жижгээ уусган, улс орон биеэ даахад түвэгтэй зуун байсан байдаг. Хоёр том хөршийнхөө дунд тусгаар улс байж, бие даасан Монгол Улсаа хадгалан хегжүүлж чадсан нь миний өвөг дээдсийн ухааны аугааг гэрчилнээ. Их бурхант түүний нэгээхэн нотолгоо.

Эцэг, өвгөдийн нутаг маань Халх голын дайн гэдгээр дэлхийн улс орнуудад танигдсан байдаг. Халх голын дайн хүн төрөлхтний түүхэнд учирсан дэлхийн их дайны угтал байсан юм. Энэ дайнд монголчууд Зөвлөлт Оросын ард түмний тусламжтайгаар тусгаар тогтнолоо хамгаалсан. Халхын голын их ялалт бол дэлхийн их дайнд манай тал ялах дохио байсны гэрч. Бидний хойд хөрш Оросын ард түмэн энэ тавдугаар сарын 9-нд аугаа их ялалтын 60 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. Энэ баяр бол монголчууд бидний Оросын ард түмэнтэй тэмдэглэдэг хамтын баяр мөн.

Цаг хугацаа тун хурдан өнгөрөх юм. Ерөнхийлөгч Ельцины урилгаар анхны Ерөнхийлөгч Очирбат гуайн хамт ялалтын 50 жилийн ойд оролцож баисан минь саяхан л юм шиг санагдаж байна. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ гэхэд итгэхэд хэцүү хугацаа. Ямар ч л байсан Ялалтын их баяр бол бидэнд хамгаас их хамаатай онцгой баяр мөн. Их баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч Путин ахмад дайчдаа халамжлан хамгаалах шийдвэр гаргасан нь монголчууд бидэнд ч бас үлгэр болох ёстой гэж бодож байна.

Монгол Улсын тусгаар тогтнолыг цусаа урсган байж энэ нутагт хамгаалан тэмцсэн ахмад үеийнхнээрээ монголчууд бахархаж явдгаа энэ мөчид хэлэхийг хүсч байна. Би хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн өрөөнд орсон юм. Миний орох үед Ерөнхий сайд ахмадуудаас ирсэн захидалтай танилцаж байсан юм билээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэж, хоёр ч дайнд оролцож байсан ахмад дайчдадаа манай Засгийн газар 200-500 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлэх шийдвэр гаргах бодолтой байгааг сонсоод би их баярлалаа. Энэ бол өнөөгийн залуусыг ахмад үеэрээ бахархан, тэдний эх оронч үзлийг бадраахад чухал хувь нэмэр болно гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд Халхын голын болон чөлөөлөх дайнд оролцогч ахмадууддаа сар тутам 20.000 мянган төгрөгийн тэтгэмж олгох саналыг дэвшүүлж байна. Миний энэ саналыг эх орноороо бахархдаг Монгол хүн бүр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ахмад дайчдын маань эх орноо гэсэн сэтгэл, халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тулалдаж явсныг ямар ч үнээр төлж чадахгүй. Гэвч миний энэ санаачилга

өнөөгийн үеийнхэн ахмад үеийнхнээрээ бахархдаг, эх орондоо, тусгаар тогтнолдоо хэчнээн хайртай байдгийн өчүүхэн боловч нотолгоо болог гэж бодож байна.

XX зууны хүн төрөлхтний түүхийг бүхэлд нь авч үзвэл дайн тулааны зуун болж өнгөрчээ. Шинэ зуунд тусгаар тогтнол, Монгол орны бие даасан байдлыг хамгаалан бэхжүүлнэ гэдэг шинэ бодлого, шинэ хандлагыг шаардсан асуудал болж байна. Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалах шинэ бодлого гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм шинэ бодлогын үндэс нь Монгол эх оронд минь ардчиллыг бүхий л талаар хамгаалан бэхжүүлэх явдал юм. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэлхий ертөнц маш их өөрчлөгдсөн байна. Жаран жилийн өмнө монголчууд япончуудтай тулалдаж байсан нь түүхийн үнэн боловч өнөөдөр милитарист Япон ардчилсан Япон болж, мөн коммунист Монгол ардчилсан Монгол болсон байна. Ардчилал хүн төрөлхтний өөр хоорондоо ах дүү болоход нөлөөгөө үзүүлж байна. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар эхэлсэн Монголын ардчиллыг хамгийн их халуун дотноор дэмжсэн орон нь Япон улс байлаа. Тиймдээ ч Япон орон өнгөрсөн 15 жилд Монголд хамгийн их хэмжээний тусламж үзүүлсэн хамгийн том хандивлагч орон болсон байна. Монгол, Японы ард түмэн ардчиллын буянаар ойр дөт болж өнөөдөр сүмо бөхийи дэвжээнд Асашёорюү, Кёкүшюзан, Хакухо гээд олон арван монгол эрс хүчээ үзэж, эх орныхоо нэрийг дэлхийд түгээж байна.

Монголчууд үндэсний бөхдөө хайртай ч Японы сүмо бөхөд тэгтлээ шимтээд байдгийн нэг нууц нь шударга ёсыг хүссэндээ тэр болов уу гэж бодогдож байна. Өрсөлдөөн шударга, шагнал нь ч шударга, шийтгэл нь ч шударга байдаг нь монголчуудын анхаарлыг татдаг биз ээ.

Түүнтэй нэгэн адил монголчууд төрийн хэргийг шударга байлгахыг хүсч байна. Хүмүүс хоорондын болон улс хоорондын харилцаанд ч монголчууд шударга байхыг хүсдэг. Япон улс нь дайны дараа түргэн хурдацтай хөгжсөн бөгөөд бүс нутагт болон дэлхий ертөнцед томоохон хувь нэмэртэй орон болжээ. Бүс нутгийн нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд Япон, Хятад, ОХУ, Солонгос орнууд шийдвэрлэх үүрэг рольтой байна.

Монголчууд бид Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг түргэн хурдацтай хөгжүүлэхийг ихэд сонирхож байгаа бөгөөд энэ бүс нутгийн хамтын ажиллагаанд байгалийн баялаг бүхий Дорнод нутгийг татан оролцуулах нь Дорнод нутгийнхны аж амьдралыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгийг санаж бүгдээрээ Монгол эх орныхоо төлөө хамтран ажиллахыг Дорнод нутгийнхандаа уриалж байна.

Анхаарал тавьсан баярлалаа.

2005.04.12.Дорнод аймаг. Чойбалсан хот