Нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна (2005.04.13)
Эх орон намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Эрдэнэбатын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлнэ хэмээн “Монголын мэдээ” сонин /¹073/мэдээлжээ. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Н.Багабандид бараалхаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өргөн барих аж. Мөн хөдөө, орон нутгийн сонгуулийн штабт ажиллах хүмүүстэйгээ уулзаж, тодорхой чиглэл, зөвлөгөө өгөх гэнэ. Харин маргааш Гандантэгчилэн хийдэд очих бөгөөд хэд хэдэн уулзалт зохиох бололтой. Ингээд Б.Эрдэнэбат хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэж тус сонинд мэдээлсэн байна.
БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан энэ өдөр 11 цаг 30 минутаас Драмын театрын үүдэнд сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийнэ хэмээн «Өнөөдөр» сонинд /¹087/ ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр гурван зүйлээс бүрдсэн, нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндөж, үндэсний аюулгүй байдлын талаар болон хүнээ дээдэлсэн төрийн бодлогыг багтаасан мөрийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд өдөр бүр хаалга тогшиж байгаа ард түмний ядуу амьдрал дээр миний мөрийн хөтөлбөр үндэслэсэн гэж мэдэгдсэн байна. Түүнийг нэрээ татаж магадгүй гэсэн яриаг Б.Жаргалсайхан няцаасан байна. Тэрбээр хэлэхдээ, энэ бол Жаргалсайханыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх сонирхолтой хүмүүсийн гаргасан хоосон яриа. БНН-ын өмнөөс хариуцлагатай мэдэгдэхэд би нэрээ татахгүй, харин ч өрсөлдсөн шиг өрсөлдөх болно хэмээн мэдэгджээ.