Н.Энхбаяр 43,5, М.Энхсайхан 29,6 хувийн рейтингтэй байна (2005. 04.15)

A- A A+
Н.Энхбаяр 43,5, М.Энхсайхан 29,6 хувийн рейтингтэй байна (2005. 04.15)

Н.Энхбаяр 43,5, М.Энхсайхан 29,6 хувийн рейтингтэй байна (2005. 04.15)

Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан "Ардын эрх" сонин Улстөрийн боловсролын академитай хамтран нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг үе шаттайгаар явуулж эхэлсэн байна. Судалгааг сонгууль болтол гурван удаа явуулах бөгөөд эхний шатны судалгааг 2005 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд явуулж дүнгээ ¹75-д нийтэлжээ.

Одоогийн байдлаар МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 43,5 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан 29,6, БНН-ын Б.Жаргалсайхан 9,8, Эх орон намын Б.Эрдэнэбат 4,4 хувийн рейтингтэй байна гэсэн дүн гарчээ. Судалгааг Улаанбаатар хот болон Дархан-Уул хот, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт нийт 1200 хүнийг хамруулан явуулсан аж.

“АЭ” сонины энэ судалгаанд нэр дэвшигчдийн рейтингээс гадна улс орны улстөр, нийгмийн өнөөгийн байдлыг харуулах зарим асуултыг мөн оруулсан байна. Тухайлбал, зөвшилцлийн Засгийн газрын үйл ажиллагааг судалгаанд оролцогсдын 58,1 хувь нь зөв, 25,4 хувь нь буруу хэмээн үзсэн бол 8,5 хувь нь маш зөв, 4,3 хувь маш буруу гэжээ. Харин аль нам улс орныг илүү удирдах чадвартай вэ гэсэн асуултад оролцогсдын 51,1 хувь нь МАХН, 32,1 хувь нь Ардчилсан намыг нэрлэсэн бол бусад нам 2-3,9 хувьтай гарчээ. Төрийн байгууллагуудын үнэлгээгээр 66,6 хувь нь Ерөнхийлөгч, 41,7 хувь нь Засгийн газар, 32,0 хувь нь УИХ, 26,2 хувь нь Шүүхийг маш сайн ажиллаж байна хэмээн үнэлсэн байна. Харин маш муу үнэлгээгээр Шүүх 32,1, УИХ 18,3, Засгийн газар 13,5, Ерөнхийлөгч 7,0 хувьтай гарчээ.

"Ардын эрх" сонин энэ судалгаагаа ямар нэг улстөрийн нам, хүчний эрх ашгаас ангид, мэргэжлийн байгууллага хийсэн хэмээн үзэж байна.