М.Энхсайхан Н.Энхбаярыг телевизийн халз мэтгэлцээнд урьжээ (2005.04.19)
Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт телевизийн халз мэтгэлцээнд урьсан тухай захидал илгээсэн байна. М.Энхсайхан захидалдаа, "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид халз мэтгэлцдэг нь дэлхий нийтэд хэвшсэн улстөрийн нэгэн соёл болж байна. Манай улсад ч уламжлал болж тогтсон үндэсний хэмжээний телевизийн халз мэтгэлцээн нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой төдийгүй сонгогчдын хувьд нэр дэвшигчдийн талаарх үнэн зөв мэдээллийг олж авдгаараа чухал байдаг” хэмээн тэмдэглэн хэлжээ.
М.Энхсайхан дөрвөн сэдвээр халз мэтгэлцэхийг санал болгожээ. Тухайлбал, авилгал, хээл хахуулийг арилгах болон ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга зам, нийгмийн баялгийг шударгаар хуваарилах бодлого, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал зэрэг сэдвийг сонгожээ. Мөн тэрбээр Ардчилсан намд олгосон үндэсний телевизээр нэвтрэх дөрвөн удаагийн нэвтрүүлгийн цагаа халз мэтгэлцээнд зориулахад бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.