Тавдугаар сарын 1-нд нэр татах хуулийн хугацаа дуусна (2005.04.19)

A- A A+
Тавдугаар сарын 1-нд нэр татах хуулийн хугацаа дуусна (2005.04.19)

Тавдугаар сарын 1-нд нэр татах хуулийн хугацаа дуусна (2005.04.19)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 4-нд нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардсанаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн кампанит ажил эхлээд хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь зэрэг аймагт очиж ажилласан бол Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллажээ.

БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан энэ хоногуудад Улаанбаатарт ажиллаад өчигдрөөс Дорнод явахаар төлөвлөсөн ч цаг агаар муудсанаас явж чадаагүй байгаа сурагтай. Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын сурталчилгааны ажил харьцангуй хожуу эхэлж, өчигдрөөс Говьсүмбэрт очоод говийн аймгуудаар хэд хоног ажиллахаар төлөвлөсөн бололтой.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэрээ татах болбол хуулийн дагуу тавдугаар сарын 1-нээс өмнө СЕХ-нд мэдэгдэх учиртай. Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарыг нэрээ татаж магадгүй гэсэн хэвлэлийн таамаг байсан боловч одоогоор Б.Жаргалсайхан нэрээ татахгүй гэдгээ эрс мэдэгдээд байгаа юм. Харин Б.Эрдэнэбатын тухайд “манай намын Улстөрийн зөвлөл шиийднэ” гэснээс өөр тоймтой хариу өгөөгүй байна. Сонгуулийн өмнөх зарим судалгааны төвийн рейтингийн судалгаагаар Б.Жаргалсайханы рейтинг 9-11 хувьтай, Б.Эрдэнэбатынх 2-4 хувьтай байгаа ажээ. Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж, СЕХ-нд бүртгүүлж болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 4-ний дотор болох юм.