Төсөв ерөнхийлөн захирагч нар үрэлгэн байна (2005.04.22)
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль хэрэгжээд гурван жил болсонтой холбогдуулан хуулийн хэрэгжилтэд 2004 оны төсвийн гүйцэтгэлээр үнэлэлт, дүгнэлт өгөхөөр болжээ. Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нанзаддоржтой “Ардын эрх” сонин /¹80/ төсвийн зарцуулалтын асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Төсөв ерөнхийлөн захирагч нар, төсвийн байгууллагын санхүү зарцуулах эрх бүхий менежерүүд санхүүгийн сахилга батаа чанад мөрдөх, арвилан хэмнэх талаар дутагдалтай байна. Тэд хэтэрхий үрэлгэн, тансаг загнаж байна гэж ноён Б.Нанзаддорж мэдэгджээ.2004 онд Монгол Улсын бүх төсвийн байгууллагын санхүүжилтэд нийт 538.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон нь 2003 оныхоос 103.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн албан хаагчдын цалингаас гаднах бараа, үйлчилгээний зардал 2004 онд өмнөх оноосоо 52.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Зардал нэмэгдсэний гол шалтгааныг нийгмийн салбарын байгууллагуудын үндсэн үйл ажиллагаа нэмэгдсэнтэй тэрбээр холбон тайлбарлажээ. Хөдөөд дотуур байранд амьдрах хүүхдийн тоо өмнөх үеэсээ өссөн. Тэтгэвэр, халамжид 149.1 тэрбум төгрөг зарцуулсан нь жилийн өмнөхөөсөө 33.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг тэтгэвэр, тэтгэмж авагсдын тоо болон хуваарилах мөнгө өссөнтэй холбож ойлгох хэрэгтэй. Бас дулаан, цахилгаан, халаалтын үнэ өссөнөөс багагүй зардал нэмэгдсэн хэмээн Б.Нанзаддорж хэлсэн байна.
2004 онд төсвийн байгууллагынхны бичиг хэргийн зардал 1.5 тэрбум, дотоод томилолт 0.3 тэрбум, эд хөрөнгө худалдан авах зардал 5.6 тэрбум, байгууллагын урсгал засвар 2.4 тэрбум, төлбөр, хураамж мэтэд 9.5 тэрбум, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад 0.7 тэрбум, утас, шуудангийн зардал 0.9 тэрбум, шатахууны зардал 1.3 тэрбум төгрөгөөр тус тус хэтэрсэн дүн гарчээ. Төсөв ерөнхийлөн захирагч нар зоригтой шийдвэр гаргаж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадахгүй байгаагаас болж төсвийн зардал нэмэгдэж байна гэж Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нанзаддорж шүүмжилжээ. Бүтцийг нь цомхон болгож хүчин чадлыг нь нэмчихвэл зардал хэмнэх бололцоо байгаа гэж тэр үзэж байна.
2005 онд улсын төсвийн урсгал зардал 564.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Урьдчилсан байдлаас харахад 2006 онд урсгал зардлын хэмжээ 690 гаруй тэрбум төгрөг болох байх хэмээн Б.Нанзаддорж хэлжээ.