Сонгуульд шударгаар өрсөлдөх гэрээ байгуулахыг санал болгов (2005.04.20)

A- A A+
Сонгуульд шударгаар өрсөлдөх гэрээ байгуулахыг санал болгов (2005.04.20)

Сонгуульд шударгаар өрсөлдөх гэрээ байгуулахыг санал болгов (2005.04.20)

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд шударгаар өрсөлдөх тухай гэрээ” байгуулж ажиллахыг МАХН санал болгосон байна. “Өдрийн” сонинд мэдээлснээс /¹096/ үзвэл уг гэрээг бусад нэр дэвшигч хүлээн зөвшөөрч, удахгүй нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүд гарын үсэг зурах бололтой.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн ерөнхий менежер С.Баяр өчигдөр бусад намаас нэр дэвшигчдэд хандан санал хүргүүлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр нэр хүндийг хамгаалж хүндэтгэх, хожим энэ албыг хаших хүнийг гүтгэлэг доромжлолоос ангид байлгах нь манай төрт ёсны уламжлал болон орчин үеийн улстөрийн соёлын шаардлагад нийцэх билээ” гээд Монгол Улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, сонгуульд шударгаар өрсөлдөх тухай гэрээ байгуулахыг Та бүхэнд санал болгож, гэрээний төслийг хүргүүлж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор гэрээ байгуулах талаар хариу мэдэгдэхийг хүссэн байна.

Уг гэрээний төсөлд талууд нэр дэвшигчдийн болон бие биенийхээ нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндэд халдсан бодит бус, худал мэдээлэл, гүтгэлэг тараах, үүнд радио, телевиз,сонин хэвлэл зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, сонгогчид, тэдний хүүхдүүдэд эд мөнгөний тусламж, урамшуулал олгох, худалдаа, ахуй болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомжоор хориглосон биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиох, дайллага хийх, шашны зан үйлийг ашиглах, сонгуульд үл хамаарах бусад ажил, үйлчилгээ явуулах; сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагчийг оролцуулах, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө, унаа, хэрэгслийг ашиглахыг хориглоно хэмээн дурджээ.

Тэрчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан хуваарьт зааснаас гадуур Монголын Үндэсний радио, телевизээр сонгуулийн ухуулга, сурталчилгаатай холбоотой нэвтрүүлэг явуулах; нэг өрх буюу нэг хүнд 3000 төгрөгнөөс дээш үнэ бүхий ном хэвлэл, барааг ухуулга сурталчилгаанд ашиглан тараах; сонгогчдыг бөөнөөр нь зохион байгуулалттайгаар шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байна гэжээ.

Мөн санал хураах өдөр урьдчилан бэлдсэн саналын хуудсаар санал өгүүлэх, бусдын нэрийн өмнөөс санал өгөх, иргэдийг архидуулах, сонгогчдод тээврийн хэрэгслээр үйлчлэх, мөнгө, эд хөрөнгө тараах зэргээр санал хураах ажлыг үймүүлэхгүй байх үүрэг хүлээхээр заасан аж.

Хэрэв аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдвол хуульд заасан хариуцлагаас гадна худал мэдээ, мэдээлэл тараасан, гүтгэсэн бол уучлал гуйж, радио, телевиз, сонин хэвлэлээр залруулга хийх; энэ гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд хуулиар зөвшөөрсөн хугацаанд нэр дэвшигч нэрээ татах, эсхүл нэр дэвшүүлсэн нам түүнийг татан гаргах хүртэл үүрэг хариуцлага хүлээнэ гэж заажээ.