МАХН-ын сонгуулийн төв штабаас сонордуулга гаргажээ (2005.04.20)
МАХН-ын сонгуулийн төв штабаас сонгогчдод хандан сонордуулга гаргаж, тус намаас нэр дэвшигч Н.Энхбаярын эсрэг гүтгэлэгт автахгүй байх, гүтгэлгийг намууд сурталчилгааныхаа сэдэв болгон ашиглахгүй байхыг сонордуулсан байна. Уг сонордуулгад дурдахдаа, "Монгол таймс" сонины 2005 оны гуравдугаар сарын 08-ны /138/ дугаарт "Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу найман сая ам.доллар Монголбанкнаас шилжсэн байна... хамгийн хачирхалтай бөгөөд сэжиг бүхий явдал нь энэхүү найман сая долларыг нэр дээрээ гуйвуулан авсан хүмүүсийн жагсаалтад тэр үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн нэр дурайтал бичигдсэн байх ажээ" гэсэн. Тухайн үед нь энэ асуудлаар Монголбанкнаас хэвлэл мэдээллээр дамжуулан ийм төрлийн үйлчилгээ хийгдээгүй бөгөөд хийгдэх ч боломж байхгүй талаар албан ёсоор тайлбар няцаалт өгсөн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үед "Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн" энэхүү гүтгэлгийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярын эсрэг ашиглаж байгаад бид харамсч байна гэжээ.