Сонгуульд шударга өрсөлдөх нөхцөл бүрдээгүй (2005.04.21)
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр өчигдөр бусад нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдэд хандан шударга өрсөлдөх гэрээ байгуулах санал тавьсан билээ. Нэр дэвшигч М.Энхсайханы сонгуулийн мэдээллийн төвд Ардчилсан намыг төлөөлж Б.Тунгалаг, Эх орон намыг төлөөлж Л.Эрдэнэтуул нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэдийгээр энэ гэрээг дэмжиж байгаа боловч одоогоор сонгуульд шударга өрсөлдөх нөхцөл нь алга байна хэмээн мэдэгдсэн байна. Тэд сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодыг байгуулахдаа МАХН-ынхан хэт давуу орсон гэж үзэж байгаа аж. Үүнийгээ талбарлахдаа, нам бус гэсэн нэрээр нутаг дэвсгэрийн хороодод оруулсан хүмүүсийг будлианы үндэс болж байна хэмээн мэдэгджээ. Нийслэлийн хэмжээнд 1478 хүн ажиллахаас нам бус төлөөлөл 447 байгаа нь намуудын төлөөллийн тооноос ч олон болжээ гэж тэд ярьсан байна.